НӨАТ-ын сугалаа шударга явагддаг уу?

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2021-01-15 12:08:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон нийтийн дунд “И-Баримт” буюу НӨАТ-ын сугалааны азтан шалгаруулах үйл ажиллагаа шударга бус явагддаг. Сугалааны азтан шалгаруулах бөмбөлөгт асуудал бий. IT ажилтан 36 удаа азтан болсон. Мөн түүний хамаарал бүхий хүмүүс байнга азтан болж байна” гэх иргэдийн гомдол мэдээлэл, хардлагын дагуу холбогдох албаныхан хамтарсан шалгалтыг “Боловсрол” телевизийн сугалааны тохирол явуулдаг байранд хийлээ.


Хамтарсан шалгалтын эхний шалгалтаар сугалааны азтан шалгаруулах бөмбөлөгт жингийн асуудал байгаа эсэхийг тодруулж, бүгд нэг жинтэй байдаг уу, үүнийг хэрхэн хянадгийг ШӨХТГ, Стандарт хэмжил зүйн газар, Сангийн яамны Гааль татвар мэдээллийн сан, төрийн өмчит үйлдвэрийн сан,  Татварын ерөнхий газар, Трансфер интернэшнл олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон  албаны хүмүүс хамтарч шалгав.


Шалгалтын үеэр түүврийн аргаар гурван хоргыг сонгож, хорго дотор байгаа бөмбөлгүүдийг жинлэж үзэхэд гурван хорго тус бүрийн бөмбөлгийн жин хоорондоо өөр байгаа ч, нэг хорго дотор байгаа нийт  бөмбөлгийн жин ноцтой зөрүүгүй байгааг шалгалтаар тогтоосон байна. Мөн хөнгөн жинтэй бөмбөлөг дээш гарч ирээд байдаг гэдэг олон нийтийн хардлагыг тодруулахаар албаныхан шалгаж үзэхэд бөмбөлөгний хүндийн жингээс үл хамааран, санамсаргүйгээр бөмбөлөг дээш гарч ирж байгаа буюу асуудалгүй болохыг  ШӨХТГ-ын мэргэжилтэн дүгнэлээ.


Мөн сугалаа эхлэх, дуусахад хоргуудыг тусгай томилогдсон гишүүд бүгд байлцаж, лацдах  үйлдэл хийж, тамгалдаг байна.


Уг шалгалтаар НӨАТ-ын сугалааны жингийн бөмбөлөгт асуудалгүй гэж тогтоожээ. Энэхүү шалгалт нь хэсэгчилсэн шалгалтын эхний шалгалт бөгөөд дараагийн хяналт шалгалтыг мөн олон нийтээс гомдол мэдүүлдэг “IT ажилтан 36 удаа азтан болсон. Мөн түүний хамаарал бүхий хүмүүс байнга азтан болж байна” гэсэн гомдлын дагуу шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх юм байна.  


Сонирхуулахад, 2016 оны нэгдүгээр сараас уг сугалааг эхлүүлж байжээ. НӨАТ-ын сугалааг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш ч, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдээс худалдаа хийсэн иргэдийг урамшуулах зорилгоор зохион байгуулдаг байна. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын баримт олгодог дэлгүүрээс худалдан авалт хийсэн иргэд л сугалаанд оролцох боломжтой буюу татвар төлөгчдөө дэмжих зорилготой юм.

 


Холбоотой мэдээ