Ж.Нямлувсан: “Өвөг дээдсийн нутаг” үзэсгэлэнг германчууд их сонирхсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-09 12:39:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн зураач Ж.Нямлувсан энэ жил ХБНГУ-ын Регенсбург хотод үзэсгэлэнгээ гаргасан юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Та ХБНГУ-д үзэсгэлэн гаргажээ. Хэдэн бүтээлээ дэлгэн сонирхуулсан бэ?

-Өнгөрсөн жилээс эхлэн гадаадад үзэсгэлэн гаргахаар бэлтгэж эхэлсэн. Тус улсад ханийн маань төрсөн дүү Пүрэвдоржийн Гангамаа амьдардаг. Үзэсгэлэн гаргахыг санал болгосон. Регенсбург хотын музейн хүмүүстэй ярилцаад шийдсэн. Хоёр сар гаруй хугацаанд уран бүтээл дээрээ сайн суусан. Нийтдээ тосон будгийн 50, усан будгийн 60 зурагтай үзэсгэлэн гаргасан. Энэ оны нэгдүгээр сарын сүүлчээс гуравдугаар сарын эхэн хүртэл сар гаруй хугацаанд “Өвөг дээдсийн нутаг” нэртэй үзэсгэлэнгээ толилууллаа. Монгол Улсад аялж, зочилж байсан хүмүүс их ирдэг юм билээ. Сайхан уулын зургийг үзэсгэлэнгийн нүүр болгож дэглэсэн.

- Та өмнө нь гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байсан уу?

-  Бие даасан уран бүтээлч гээд хамтарсан үзэсгэлэнд оролцоод явдаг. Өнгөрсөн онд Улаан-Үд хотод Монгол, ОХУ, БНХАУ-ын зураачдын үзэсгэлэнд оролцож уран бүтээлээ сонирхуулсан. Байгаль далайгаар аялан судалбар зургийн бүтээл бас хийлээ. Өмнө нь 2011 онд БНХАУ-д болсон хамтарсан үзэсгэлэнд оролцож байлаа.

- Герман улсад гаргасан үзэсгэлэндээ ямар сэдэвтэй бүтээлээ сонирхуулав?

- Ер нь монгол ахуйтай холбоотой байгаль, монгол аж амьдралаа л голлож харуулсан.

- Зураач уран бүтээлчид ямар нэгэн сэдвийг дагнан зураад байдаг. Таны хувьд?

- Социализмын үед зураач нар зурахгүй юм байхгүй байсан. Зураачид бие даасан чөлөөт уран бүтээлч болоод нэг сэдвийг дагнаад зурдаг болоод байна. Миний хувьд дагнасан зүйл байхгүй. Хөдөө нутаг, мал аж ахуй, байгальтай холбоотой зураг зурж байна.

          - Тус улсын зураачдын уран бүтээлийг сонирхсон байх. Харьцуулахад ямар сэтгэгдэл төрөх юм.

- Тэднийд хийсвэрлэх урлаг нэлээд хөгжсөн санагдсан. Бодитой зүйл зурахаа больсон байна. Мюнхен хотод Германы эмэгтэй зураачийн үзэсгэлэн үзсэн. Бодитой зураг биш учраас үзэгчдэд зураач санаагаа тайлбарлаж, илтгэх зэргээр нэлээд ажил болдог юм билээ. Монгол зураачийн бодит амьдралыг дүрсэлсэн зургийг фото зураг гэх маягаар харах гээд байсан. Тэгэхдээ үзэгч, сонирхогчид бодитой зүйлд их дуртай байдаг юм байна.

Миний үзэсгэлэнгээс зарим хүмүүс хоёр гурван зураг худалдаж авсан. Адуу, монголын хөдөөг зурсан зургийг их сонирхсон. Урд өмнө нь монгол зураачийн үзэсгэлэн гарч байгаагүй юм билээ. Онгоцоор зорчсон учраас ачаа ихдээд олон  зураг авч явж чадаагүй.

          - Таны уран бүтээл туурвидаг чиглэл гэвэл?

- Байгалийг бодит байдлаар нь шууд зурдаг. Зураачдын хувьд 19-р зууны сүүлээр импреонистууд гэж шууд байгаль дээрээс нь бүтээлээ хийдэг, байгалийн өнгийг байгаагаар нь зурдаг чиглэл байсан. Би тиймэрхүү чиглэлээр зурна. Байгаль дээр хийсэн судалбартаа үндэслэн урландаа бас бүтээлээ хийдэг.

Байгалийн зургийн хувьд Булганхангайнхаа уул усыг их дүрсэлнэ. Сайхан уул, Уран тогоо уул, Өрмийн цагаан нуур зэргийг зурна. Мөн төрсөн  нутгийнхаа байгалийг бас зурах дуртай. Би Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын хүн.

          - Зураачид уран бүтээлийн захиалга хэр ирэх вэ? Хэдэн жил бүтээл туурвиж байна.

- 1973 онд цэрэгт очоод зурж эхэлсэн. Сүхбаатарын тасалгааны зураач гээд самбар үзүүлэн зурдаг байсан. Цэргээс халагдаад 1976 онд Хөвсгөл аймгийн Урчуудын салбарт дөрвөн жил ажиллаад УБДС-ийн уран зургийн ангид суралцаж төгссөн. Тэгээд л Булган аймагт ирсэн. Урчуудын эвлэлд зураачаар ажилласан. Зах зээлд шилжээд байгууллага маань тараад хувиараа буюу чөлөөт уран бүтээлч болсон.

Нэг хэсэг зураг зураад гайгүй орлоготой байсан. Одоо тааруу боллоо. Орон нутгийн байгаль зуруулах гэх мэтээр захиалга бий. Хийвэл ажил байгаа. Булган аймагт зургийн багш нар гээд сайн зураач хүүхдүүд байгаа. Залуу хүн зураг зураад амьдраад явна гэхэд хэцүү л дээ.

- Бурхан зурж байв уу?

- Хоёр гурван бурхан зураад больсоон.

- Яагаад? Шүтлэгтэй холбоотой юу?

- Үгүй ээ. Тиг аваагүй хүн бурхан зурдаггүй юм гэнэ лээ. Тиг хүртэх гэдэг зүйл байдаг талаар Лхагважав лам хэлсэн. Түүнээс хойш бурхан зураагүй ээ. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейн ханын зураг болох төрийн долоон эрдэнэ, хүслийн таван эрдэнэ гэдэг зургийг зурж байсан. Оюутан байхад монгол зургийн хичээл заадаг байлаа. Би монгол зураг зураагүй ээ. Одоо нас ахисан болохоор нүд гүйцэхгүй. Гар чичирдэг болчихсон хүн монгол зураг зурахгүй. Нарийн хэмжээ зураастай байдаг юм.

Ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ