Ховд аймагт хийн түлшний станц нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-05-30 11:27:43

Монголын хийн түлшний анхдагч салбар Дашваанжил  компани  хийн түлшний сүлжээг байгуулах зорилгоор Автомашин болон ахуйн баллонд хийн түлш цэнэглэх станцыг 21 баймаг байгуулж байгаагийн нэг нь Ховд аймагт  2016 оны 5 сарын  29-нд албан ёсоор нээгдлээ.

Үндэсний сүлжээг бүтээн байгуулагч тус компани Ховдод "Баатархайрхан газ" нэртэй салбараа байгуулж, нээлтийн ёслолд Ховд аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн Бодлогын хэлтсийн дарга Г.Баточир, МХГ-ын  улсын байцаагч Мөнхзаяа, Ц.Батбаяр, Жаргалант сумын засаг дарга Д.Баасандорж, Дашваанжил ХХК-нийн инженер Батнасан нар оролцлоо.

Ховд аймаг ногоон хөгжлийн загвар аймаг зорилт тавьж ажиллаж байгаагийн нэг жишээ нь хотын утааг бууруулах байгальд ээлтэй хийн түлшний станц байгуулж, автомашинууд хийн газ хэрэглэж хэвших явдал  гэж шийдвэр гаргагчид үзэж байгаа юм.

Баатархайрхан газын нээлтийн үеэр Дашваанжил ХХК-нийн инженер н. Батнасантай уулзахад ”Ховд аймагт манай салбар нээгдсэнээр баруун аймгийн хэрэглэгчдэд хийн түлшний үйлчилгээ ойртож байна. Орон нутаг, суманд хийн түлшний салбар байгуулах төлөвлөгөөний дагуу өнөөдөр Ховд аймаг газын салбартай боллоо.

Ингэснээр аюулгүй ажиллагааг хангасан үнэ хямд чанартай хийгээр үйлчилж байна. Ховд аймагт таван хүний ажлын байр бий болж, хэрэглэгчдэд Улаанбаатар хотын үнэ ханшаар ахуйн баллон 1 кг нь 2600, автомашинд 1100 төгрөгийн ханшаар өгч байна. Тухайлбал Ховд аймгийн газ хэрэглэгч 200 км явж машинаа цэнэглэхдээ 170,0-180,0 мянган төгрөг зарцуулдаг байсан бол одоо үйлчилгээ ойртож 70,0-80,0 мянган төгрөгөөр зарцуулах боломжтой” гэлээ.

"Баатархайрхан газ"-ын салбар нээлтийн үеэр хэрэглэгчдийн дунд ахуйн болон авто машины 10-20 кг, буюу литр түлш хожих хонжворт Азын сугалаа явуулж 25 хэрэглэгч азтан боллоо.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ