Трамп нэгдүгээр сарын 15 гэхэд Ирак, Афганистанд 2500 цэргээ үлдээхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-17 15:30:11

НЬЮ-ЙОРК. /СNN/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Афганистан, Ирак дахь цэргийнхээ тоог цөөрүүлж, нэгдүгээр сарын 15 гэхэд тус бүр 2500 цэрэг үлдээхээр төлөвлөж байна гэж СNN телевиз эх сурвалжуудынхаа мэдээллээс иш татан уламжилжээ


Эх сурвалжуудын хэлснээр, Америкийн цэргүүд энэ долоо хоногт "цэргээ цаашид гаргах тухай" тушаал хүлээж авах бололтой. Одоогийн байдлаар Афганистанд АНУ-ын 4500 орчим, Иракт 3000 орчим цэрэг байрлаж байгаа юм.


АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-нд болно. 11 дүгээр сарын 3-нд болсон сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байден ялсан гэж тус улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх хэрэгслүүд дүгнэж буй юм. Тэрбээр төрийн тэргүүний албан тушаалын төлөөх өрсөлдөөнд Трампыг ялахын тулд сонгогчдын коллегийн гишүүдээс авах ёстой 270 дэмжлэгийг авсан байна. Хоёр дахь удаагаа нэр дэвшиж буй одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхэд хандах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн юм.


Холбоотой мэдээ