Угаар мэдрэгчээ тогтмол шалгаж байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх “Угаарын хийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх” ажлын баг өчигдөр Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын зарим айл өрхөөр орж, өвлийн бэлтгэлийн нөхцөл байдалтай танилцлаа.
Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан
сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Иргэд галлагааны зөвлөмж,
сайжруулсан түлшийг зөв хэрэглэж, угаар мэдрэгчийг тогтмол шалгах хэрэгтэй.
Ингэснээр угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх боломжтой. Агааржуулалтын
хоолой, пийшин зуухны бүрэн байдлыг шалгаж байх”-ыг зөвлөв.
Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой
түлш” компаниас “Хэрэглэгчдэд үйлчлэх алба” байгуулсан юм. Тус алба нь яндан
зуухны засвар үйлчилгээ үзүүлдэг. Мөн 200 өрх тутмыг хариуцсан 920
гаруй хяналтын ажилтантай бөгөөд хариуцсан өрхүүдээрээ өдөр
бүр орж, яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн байдал, угаар
мэдрэгчийг ажиллаж буй эсэхийг шалгаж байгаа.
Гэвч иргэдийн хайхрамжгүй байдлаас үүдэж хяналтын ажилтнуудад
гэрийн хаяг, утасны дугаараа буруу мэдээлэх, гэртээ оруулахгүй байх зэрэг
хүндрэл өдөр бүр тулгардгийг Сүхбаатар дүүргийн 8,10 дугаар хэсэг
хариуцсан хяналтын ажилтан В.Баярмагнай учирлалаа. Засвар үйлчилгээний
ажилтан албан хаагчид иргэдэд үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж, зөв
галлагааны зөвлөмж хүргэдэг юм.