Гурванбулаг суманд бэлчээрийг нөхөн сэргээх туршилт явуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төвийн бүсийн Булган, Архангай, Өвөрхангай аймагт албан томилолтоор ажиллаж байна.
Тэрээр Булган аймгийн Гурванбулаг сумын Авзага багийн нутаг, Хэвтээгийн арын 30 га талбайд “Хэт талхлагдсан бэлчээрийг зайнаас тандах аргаар судлах ба нөхөн сэргээх туршилт” төслийн хүрээнд хийж буй бэлчээрийн нөхөн сэргээлтийн явцтай танилцлаа. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр 2018 оноос дээрх төслийг хэрэгжүүлж байна. Зайнаас тандах аргаар нийт нутаг дэвсгэрийн бэлчээрийн талхагдлын зэргийг тогтоох, газрын доройтлын хэмжээг тодорхойлох, нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоох юм. Улмаар эрс тэс уур амьсгалтай, харилцан адилгүй газарзүйн нөхцөлд тохирсон нөхөн сэргээх технологийг нэвтрүүлж, нутагшуулах, олон наст, үет, буурцагт ургамлын нутгийн болон нутагшсан сортуудыг тариалж нөхөн сэргээх зорилготой аж.
Булган аймгийн бэлчээрийн доройтлыг хуурайшлын индекс, ургамлын нормчлогдсон индекс, хур борооны бүтээмжит байдал, хүний хүчин зүйлийн нөлөөлөл зэргийг тооцон гаргажээ. Ингэхэд 2006 онд нийт бэлчээрийн 14,2 хувь нь сул, 1,7 хувь нь дунд зэрэг, 0,32 хувь нь хүчтэй доройтсон байсан бол 2019 оны судалгаагаар дээрх үзүүлэлтүүд дахин 30 хүртэл хувиар доройтсон байна. Иймд Булган аймгийн хэмжээнд бэлчээрийн нөхөн сэргээлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн гэдгийг судалгааны ажилчид болон нутгийн малчид онцолж байв.
Төслийн эрдэм шинжилгээний ажилчид малчдыг бэлчээрийн нөхөн сэргээлтийн талаар байнгын сургалтад хамруулж, мэдээлэл өгдөг аж. Малын шимт ургамал тарьж, хөрсийг нөхөн сэргээхэд цаг хугацаа шаардахаас гадна зарим ургамлын үр нэг тонн нь 35 сая хүртэл төгрөгийн үнэтэй байдаг нь хүндрэл учруулдаг, техник, технологи, ажиллах хүчний дутагдалтай байдгийг төсөл хэрэгжүүлэгч хэлж байлаа. Монгол орон даяар бэлчээрийн нөхөн сэргээлтийг явуулах талаар Засгийн газар анхаарна гэдгийг Ерөнхий сайд хэлэв.