Бүх төрлийн зүтгүүр, вагоны дугуйг эх орондоо угсардаг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-03 10:59:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ-ын хамт олон “Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн үйлдвэр”-ийг ашиглалтад оруулан төмөр замдчын баяраа угтлаа. 

Зүүнхараагийн ачааны вагон засварын депогийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд “Хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй угсрах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулж буй нь УБТЗ-ын техник, технологийн шинэчлэлийн томоохон ажлын нэг болж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор зүтгүүр болон бүх төрлийн вагоны дугуйг эх орондоо угсарч засах бололцоотой болж байгаа юм. 


Өмнө нь жил бүр 4-5 сая ам.доллараар хөдлөх бүрэлдэхүүний 600-800 хос дугуйг ОХУ-ын Красноярск болон түүнээс цааших хотуудад явуулж засуулдаг байсан бол одоо дотооддоо жилдээ 1000-1500 хос дугуйг угсарч засдаг болох юм. Ингэснээр ихээхэн цаг хугацаа алдаж хүлээгддэг байсан байдал арилж, гадагшаа урсаж байсан валютын урсгалыг эх орондоо шингээх боломж нээгдэж байна. 


Тус үйлдвэр нь 5-6 жилд хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх аж. Хөдлөх бүрэлдэхүүний чухал явах эд анги болох зүтгүүр вагоны хос дугуйг ийнхүү эх орондоо угсарч засдаг болсноор галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бас нэгэн нөхцөл бүрдэж байна. Мөн УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх  хүчин чадал 20 гаруй хувиар өсөж, өдөр бүр нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах бололцоотой болно.

Холбоотой мэдээ