Б.Отгонсүх: Нийслэл 130 километр дугуйн замтай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-29 16:03:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд 800 гаруй километр автозам бий гэсэн судалгаа бий. Тэдгээр замын нөхцөл байдал, засвар шинэчлэл болон шинэ бүтээн байгуулалтын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.


-Дулааны улиралд нийслэлд авто зам, барилгын ажил ид өрнөдөг. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд  авто замын ямар бүтээн байгуулалт өрнөж байна вэ?

-Улаанбаатар хотод улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийт 52.8 километр хатуу хучилттай замын ажил өрнөж байгаа. Мөн 17.6 километр замыг засварлана. 50.2 километр дугуйн зам тавих ажил төлөвлөсөн. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулах ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Хэдийгээр, коронавирустэй холбоотойгоор хүндрэл бэрхшээл байгаа ч өөрсдийн дотоод нөөц бололцоо, мөн дотоодын аж ахуй нэгжүүдтэй хамтран цаг алдахгүй хөрөнгө оруулалтын ажилаа хийгээд явж байна. Нийслэлд нийт 387 километр дугуйн зам тавих ажил байгаа. Сүүлийн 20-30 жилд 80 километр дугуйн зам тавьсан байдаг. Үүнийг эрс шинэчилж 2020 онд 50 километрээр нэмж нийт 130 километр дугуйн замтай болно гэж ойлгох хэрэгтэй. Захын дүүргийн иргэд сүүлийн үед санал хүсэлтээ ихээр ирүүлэх болсон. Үүнийг бид харгалзан энэ жилийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлуудын ихэнх хөрөнгийг захын хороод руу тавьж байгаа. Ингэснээр захын дүүрэг, гэр хороолол доторх дэд бүтцийн ажил өрнөнө.


-
Энэ жил бороо ус ихтэй байгаагаас нийслэлд зарим зам эвдэрч нөхцөл байдал хүндэрч байгаа. Ер нь жил бүр борооны улмаас авто зам эвдэрч хөдөлгөөнд хүндрэл учирдаг. Энэ асуудлыг шийдвэрлэх боломж бий юу?


-Сүүлийн хоёр жил бороо ус ихтэй байлаа. Улаанбаатар хотын зургаан дүүрэгт хатуу хучилттай нийт 800 гаруй километр зам байдаг гэсэн тооцоо судалгаа бий. Үүний 187 километр зам нь борооны ус зайлуулагчтай. Бусад зам борооны ус зайлуулагчгүй. Борооны усны шугам байхгүй учраас тухайн зам эвдэрч байна. Тиймээс бид цаашдаа Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр үе шаттай борооны ус зайлуулах шугам байгуулахаар ажиллаж байна. Ялангуяа нэг, хоёр, гуравдугаар коллектор дээр 1960-аад оноос хойш засвар шинэчлэлийн ажил дорвитой хийж чадаагүй. Одоо энэ жилээс  эхлээд коллекторуудаа засах, шинэчлэх, арчлах асуудал байгаа. 187 километр замын ус зайлуулах шугам, сүлжээг өргөтгөж илүү олон километр зам дагуулж усны шугам тавьснаар, борооны усны асуудал бүрэн шийдэгдэнэ. Тиймээс бид хамгийн эхэнд борооны улирлын үед шинэчлэх ажлыг хийх ёстой хэмээн үзэж байгаа.187 километр замын  ус зайлуулах шугам тавих ажил эхэлчихсэн байгаа.


-Нийслэлийн төсвөөс хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?


-Нийт дүнгээ нэгтгэн гаргаж байгаа.


-Сүүлийн жилүүдэд Налайх- Чойрын уулзаврын автозам, Замын цагдаагийн гүүрэн байгууламж зэрэг нийслэлд автозамын олон томоохон бүтээн байгуулалт өрнөлөө. Цаашид авто замын ямар бүтээн байгуулалт төлөвлөж байна вэ?


-2019 онд томоохон төсөл эхэлсэн. Тухайлбал, Налайхын 20.9 км зам, Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүр зэрэг төслүүдийг хэрэгжүүлсэн. Энэ гурван төслөө энэ жилдээ бүрэн дуусгах төлөвлөгөөтэй байна. Коронавирусний цар тахлын улмаас удаашралтай байгаа ч бид дотоодын аж ахуй нэгжтэй хамтран хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүй гэсэн зорилттой ажиллаж байна.


-Налайхын авто замын дугуйн болон явган хүний замын ажил хэдэн хувийн гүйцэтгэлтэй байна вэ. Гүйцэтгэгчээр нь ямар компани байгаа вэ?


-Гүйцэтгэгч компани шалгарчихсан. Наймдугаар сард багтаан Налайхын дугуйн замын ажлыг дуусгахаар төлөвлөж байна.


О.Сэрүүнээ

Холбоотой мэдээ