Д.Ариунбилэг: Жаргалант суманд 198 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооноос цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийв.
УИХ-ын
2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 24-ний өдөр болно. Үүнтэй
холбогдуулан Ховд аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хорооноос зургаадугаар
сарын 22-ны өдөр 12 хэсгийн хорооны дарга, гишүүдтэй уулзалт хийж, хэд хэдэн
үүрэг чиглэл өгсөн юм.
Мөн
цахим хэлбэрээр туршилтын мэдээ дамжуулах, бэлтгэл бэлэн байдлыг хангах талаар хэлэлцлээ.
Энэ үеэр сонгууль зохион байгуулах үйл
ажиллагааны явцад коронавирусний
халдвараас урьдчилан сэргийлэх журам, сонгогч санал
өгөхөд анхаарах зарим асуудал, зөвлөмжийн талаар Жаргалант сумын Сонгуулийн
хорооны нарийн бичгийн дарга Д.Ариунбилэг танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ: “Ховд
аймгийн Жаргалант сумын Сонгуулийн хороо болон 12 хэсгийн хороонд нийт 200
орчим төрийн албан хаагч ажиллаж байна. Жаргалант сумын тухайд энэ жил 21240 хүн сонгогчдын
нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байгаа бөгөөд 198 иргэн зөөврийн битүүмжилсэн
саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан. Хүсэлт гаргасан
иргэдийн 90 гаруй хувь нь эрүүл мэндийн шалтгаантай” гэв.