"COVID-19"-ийн үеийн их, дээд сургуулиудын элсэлт ба төгсөлт

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2020-06-19 13:52:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, УОК-оос коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулийн хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэ талаар их, дээд сургуулийн албаны хүмүүсээс цахим төгсөлт, дотуур байрны төлбөрийн буцаан олголт болон элсэлтийг сурвалжиллаа.


Энэ жилийн төгсөгчид анхны “цахим төгсөгчид” болж байна. 2019-2020 оны хичээлийн жилд , МУИС-ийг 2101 оюутан, ШУТИС-ийг 1950 оюутан, АШУҮИС-ийг 1944 оюутан, МУБИС-ийг  1755 оюутан, ХААИС-ийг 1161  оюутан, СУИС-ийг  600 оюутан төгсөж байна. 


Нийгэм боловсролын салбар шинэ сорилттой тулгарсан ч төгсөлтөө хойшлуулсан тохиолдол аль ч сургуульд гараагүй. Их дээд сургуулийн сургалтын төлбөрт өөрчлөлт оруулаагүй ба ирэх жил  өөрчлөлт орохгүй гэнэ.  Цахим сургалт явуулахад орон нутгийн алслагдсан сумын оюутнуудад интернэтэд холбогдоход бэрхшээлтэй, өдөр бүр нэгж худалдаж авах хэрэгцээ гарч байжээ. Харин шинэ зууны оюутнууд орчин үеийн тодорхой техник хэрэгсэлийг тодорхой эзэмшсэн учраас зарим сургалтыг цахимд шилжүүлвэл цаг хугацааг хэмнэх, сургалтын арга барилд  дэвшил авч ирэх ач холбогдолтой. Мөн багш нарт шинэ заах арга барилыг олгожээ. 


-СУИС: 232 багшийн 1231 хичээлийг цахим системдээ байршуулж,  2200 гаруй оюутанд хүргэжээ. Улирлын шалгалт, дипломын ажлын хамгаалалтыг мөн цахимаар зохион байгуулсан. Урлагийн сургуулийн хувьд биеийн хөдөлгөөн, багаар ажиллах, хамтаар бүтээл туурвих сургалтыг явуулахад бэрхшээлтэй байсан. Гэвч сургалтын боломжит арга хэлбэрийг ашиглахыг зорьж нийгмийн сүлжээгээр дамжуулан фейсбүүкт бүлгэм үүсгэж мэдээлэл солилцох, даалгавар илгээх, шууд дамжуулалтаар холбогдох зэргээр оюутнуудтайгаа байнга холбоотой ажилласан. Зарим тохиолдолд СУИС-ийн багш нар 24 цагаар ажиллах ч үе гарч  байжээ. 

Эрдмийн баяр: Сургуулийн албан ёсны цахим хуудсаар энэ сарын 12-нд шууд дамжуулсан. Төгсөгчдөд сургуулийн захиргаа, төгсөгчдийн төлөөлөлөөс мэндчилгээ дэвшүүлж, тушаалийг танилцуулжээ. Диплом, ромбоо оюутан тусгай цагийн хуваарийн дагуу, нэг нэгээрээ ирж авч байгаа юм. Энэ жил бакалаврын 505 оюутан, 92 магистр 3 доктор төгсөж байна.  

Дотуур байр: Тус сургуулв 200 хүний багтаамжтай нэг дотуур байртай бөгөөд жилийн 600 мянган төгрөгний төлбөртэй Дотуур байрны төлбөрийн буцаан олголтын өргөдлөө сургуулийн сургалтын албанд өгсөн оюутнуудад  буцаан олгох юм.  

Элсэлт: Ирэх 7 дугаар сарын 9-ныг хүртэл  www.elselt.mnuac.mn  хаягаар бүртгэж байна. Ур чадварын шалгалтыг энэ сарын 3-наас ирэх сарын 09-нд тусгай хуваарийн дагуу зохион байгуулна. Шалгалтан тэнцсэн элсэгч суралцах эрхийн бичгээ ирэх сарын 8-10-нд 09-18 цагт авна. 


-МУБИС: Тус сургуулийн удирдлага мэдээллийн системдээ 450 гаруй багшийн, 23 мянга орчим хичээлийг байршуулж оюутнууддаа хүргэжээ. Энэ жил төгсөлтөө хойшлуулсан оюутан байхгүй. МУБИС-ийг  57 мэргэжилээр 1755 оюутан төгсөж байна. 

Эрдмийн баяр: Энэ сарын 15-16-нд 7 бүрэлдэхүүн сургууль бүрээс  5 оюутны төлөөлөл, нийслэлд байгаа 35 оюутанд халдвар хамгаалалын дэглэмийг сахиулан гардуулжээ. Бусад 1740 оюутны дипломыг Монгол шуудан компанийн хүргэлтийн үйлчилгээгээр гарт нь хүргэж, зардлыг сургууль хариуцан төлсөн байна. 

Дотуур байр: 4 дүгээр дамжааны 268 оюутны дотуур байрны төлбөр буюу 66 сая 634 мянган төгрөгийг буцаан олгоод байна. 1-3 дугаар дамжааны оюутнуудын төлбөрийг дараа жил рүү шилжүүлжээ. Хэрвээ дараа жил суухгүй гэвэл төлбөрийг буцаан олгоно. Тус сургууль нь  харьяа 7 дотуур байртай бөгөөд “Оюутны өргөө” 1, 2 дугаар байр хамаардаг байна. Өнгөрсөн намар 2000 гаруй оюутан дотуур байрандаа хүлээн авжээ. МУБИС-ийн дотуур байр 450 мянган төгрөг, Оюутны өргөө 1, 2 дугаар байрны 2 хүний өрөө 1 сая 50 мянган төгрөг,  4 хүний  өрөө  850 мянган төгрөгийн төлбөртэй байдаг.

Элсэлт: 7 сарын 2-9-нд https://burtgel.msue.edu.mn/ хаягаар бүртгэнэ. Элсэгчид сургуулийн цахим хаягаар бүртгүүлэн, оноо  тэнцсэн тохиолдолд мессежээр хариу явуулна. Энэ жил нийслэлийн бүрэлдэхүүн сургуульд 2540, Архангайн салбар сургуульд 480 нийт 3020 сурагчийг элсүүлж авах шийдвэр удирдах зөвлөлөөс гаргасан. 


-МУИС-ийг бакалавр, магистр, докторын 2101 оюутан төгсөж байна. Төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдгийг Монгол шуудантай хамтарч баталгаат шуудангаар хүргүүлж  байна. Улиралын шалгалтуудыг цахимаар авсан, бакалавр, магистрын судалгааны ажлыг цахим хэлэлцүүлэг хэлбэрээр зохион явуулсан онцлогтой жил болж байна.

 Дотуур байр: Тус сургууль 5 дотуур байртай бөгөөд одоогоор төлбөрийг буцаан олгох шийдвэр гараагүй байна.

Элсэлт: Бакалаврын өдрийн ангийн элсэлт энэ сарын 1-нээс ирэх сарын 6-ны 12 цаг   хүртэл www.burtgel.num.edu.mn  хаягаар явагдана. Элсэх хүсэлтэй залуус Боловсролын үнэлгээний төвийн бүртгэлийн дугаараараа нэвтэрч бүртгүүлнэ. Бүртгүүлэгч нь хүссэн хэдэн ч сургуульдаа бүртгүүлэх боломжтой.  Тус сургууль нь “Шилдэг элсэгч”  бодлогын хүрээнд  Улаанбаатарын салбартаа 480-аас дээш оноотой, орон нутгийн салбартаа 400-гаас дээш оноотой хүүхдүүдийг элсүүлнэ.


-ШУТИС-ын “Эрдмийн баяр"-ийг энэ сарын 15-ны өдөр  сургуулийн албан ёсны хуудас, оюутны соёл үйлчилгээний албаны хуудсаар шууд дамжуулжээ. Энэ жил  нийт 1950 төгсөгч төгсөж байгаагаас бакалаврын 1606, магистрын 367, докторын 8 төгсөгч  цахимаар төгсөв.

Дотуур байр: Дотуур байрны төлбөрийн үлдэгдэл буюу нэг хүүхдэд 250 мянга хүртэлх төгрөгийг буцаан олгохоор тооцож байгаа ч одоогоор шийдвэр гараагүй байна. Төгсөх дамжааны оюутнууддаа шууд олгох, ирэх жил сурах оюутнуудынхыг шилжүүлэх тооцохоор төлөвлөж байна. Тус сургууль нийт 5 дотуур байртайгаас 4 нь нийслэлд, 1 нь Дархан хотод байна. Нийт 1300 гаруй хүүхэд амьдрах боломжтой бөгөөд жилийн төлбөр нь 500 мянган төгрөг. Өнгөрсөн намар нийслэлийн 4 дотуур байрандаа 1150 оюутан хүлээн авжээ. 

Элсэлт: Элсэгчдийн материалыг www.elselt.edu.mn хаягаар ирэх сарын 7-ныг хүртэл хүлээн авна.  Нийт 71 хөтөлбөр 112 мэргэжилээр элсэлт авч байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнээс хамаарч  уул уурхайн геотехник, зүтгүүрийн аж ахуй, IT технологийн чиглэлээр мультмедиа технологи,  өгөгдөлийн ухаан, хиймэл оюун ухаан, IT технологи, Роб ба хиймэл оюун ухаан гэсэн 5 мэргэжлийн хөтөлбөр шинээр элсэлтээ авч байна. Энэ хөтөлбөрт элсэн 3.2 оос дээш голчтой суралцсан тохиолдолд Оюутолгой болон бусад уул уурхайн томоохон компани сургалтын төлбөрийг нь 30-100 хувь хөнгөлүүлэх боломжтой аж. IT технологийн мэргэжил нь бүх салбарт хөрвөх боломжтой ба эрэлт хэрэгцээ өндөр байгаа ажээ.  

Мөн тус сургуульд Монгол Улсад нэн шаардлагатай байгаа 33 мэргэжлээс 18 мэргэжлээр сурах боломжтой юм. Үүнд, хүрээлэн буй орчин судлал, утасгүй холбоо, системийн аюулгүй байдал, химийн инженерчлэл ба боловсруулалт, сэргээгдэх эрчим хүч, электроник, механик инженер, нэхмэлийн үйлдвэрийн технологи, хүнсний инженерчлэл, шим тэжээл судлал, газрын тосны инженер,  уул уурхайн ашиглалтын технологи, барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, хаягдал боловсруулах технологи, биотехнологи, био-инженерчилэл, нано шинжлэх ухаан, нано инженерчлэл,ойн инженер  зэрэг юм. 

Ур чадварын шалгалтыг энэ сарын 02-ноос  ирэх сарын 05-нд  цахимаар зохион явуулж байна. Архитектур, хувцасны дизайн, үйлдвэрлэлийн дизайн, график дизайн, комьпютерийн дизайн, интерьер дизайн хамаарах бөгөөд  шалгалтыг бүтээл, зурсан зураг, эссэ бичлэгээр  ШУТИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны 207 тоотод хүлээн авах юм. Мөн DESIGN2020@MUST.EDU.MN  хаягаар энэ сарын 29-нийг хүртэл хүлээн авна


-ХААИС- Төгсөгчдийн диплом ромбыг хөдөө орон нутагт байгаа оюутнуудад шуудангаар хүргүүлсэн. Нийслэлд байгаа оюутнуудад өөрсдөө эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь  сургуулийн байрнаас авах боломжийг олгожээ.

Дотуур байр: Одоогоор төлбөрөө буцаан авах хүсэлт оюутнуудаас ирээгүй байна. ХААИС  3 дотуур байртай, 10000 гаруй оюутан хүлээн авах боломжтой бөгөөд 600-650 мянган төгрөгний төлбөртэй аж. 2019 оны 9 сард 800-850 оюутан дотуур байрандаа хүлээн авсан. Нэг сарын төлбөр нь 65 мянга төгрөг бөгөөд оюутнууд  240 мянган төгрөг буцаан авах юм байна. 

Элсэлт: Элсэгчдийг өнгөрсөн сарын 2-оос ирэх сарын 9-ийг хүртэл    https://hutulbur.muls.edu.mn/ хаягаар бүртгэж байна. Мөн тус сургуулийн сургалтын хөтөлбөрийн талаар талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ХААИС-ийн Бүртгэл, мэдээллийн төвд өөрийн биеэр хүрэлцэн ирж, багш нараас зөвлөгөө авах боломжийг бүрдүүлжээ. Бүртгэл, мэдээллийн төв нь ажлын өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллаж байна. ХААИС нь бүрэлдэхүүний 5 сургууль, харьяа эрдэм шинжилгээний 4 хүрээлэнтэй.  Бакалаврын 31 хөтөлбөр 56 мэргэжил, магистрын 44 мэргэжлээр, докторын 27 мэргэжлээр сургалт явуулдаг. Засгийн газраас Монгол Улсад шаардлагатай  37 мэргэжлийн чиглэлийг тодорхойлсон. Түүнээс 10 гаруйг нь ХААИС бэлтгэн гаргаж байна. Тухайлбал, МАА, Газар тарилан, хөрс судлал, ойн инженер, мал эмнэлэг, ХАА-н биотехнологи, хүнсний инженер, байгаль орчин, нөхөн сэргээлт зэрэг мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байна. Энэ жилийн элсэлтийг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа.


-АШУҮИС-ийн  600 орчим хичээлийн 6500 орчим видео болон бусад материалыг бэлтгэн цахим сургалтын төвөөрөө дамжуулан оюутанд хүргэсэн. Энэ хичээлийн жил  бакалавр, магистр, доктрын 24 мэргэжлээр 1944 оюутан төгссөнөөс 1383 нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүн сургууль, 561 нь салбар сургуулийн төгсөгч байна. Диплом, ромбыг оюутнуудад тарааж дууссан

Эрдмийн баяр: Энэ сарын 18-нд цахимаар зохион явууллаа. Онцгой дипломтой төгсөж байгаа 19 оюутны 4 нь Анагаах ухааны сургууль, 2 нь Биоангаахын сургууль, 3 нь Сувилахуйн сургууль, 9 нь Эмзүйн сургуулийн төгсөгч байна. Тус сургууль нь  Олон Улсын стандартад нийцсэн эмнэлэгийг ашиглалтанд оруулж эмнэлзүйн сургалтын үйл ажиллагааг шинэ шатанд хүргээд байна. 

Дотуур байр: АШУҮИС  2 дотуур байртай. Энэ жил 800 гаруй оюутан хүлээж авчээ.. Үүнээс төгсөх дамжааны оюутнуудад дотуур байрны төлбөрийн зөрүүг олгож дууссан.  

Элсэлт: Элсэлтийн журам нь хараахан бэлэн болоогүй байгаа бөгөөд цахимаар бүртгээхээр төлөвлөсөн байна. Хөл хорио цуцлагдсны дараа цаасан хэлбэрээр бүртгэх юм. Эрүүл мэндийн салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтын хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд хүүхдийн их эмчийн ангийг боловсруулан батлуулж, ирэх жил элсэлтээ авахаар болжээ. Сувилагчийн хөтөлбөрийг сонгон элсэх сурагчийн ЭЕШ-ийн оноог харгалзан үзэж, өндөр оноотой сурагчийн төлбөрийг Засгийн газраас олгох болсон байна. Хүний их эмчийн хичээлийг англи хэлээр заах хөтөлбөрийг өргөжүүлж гадаадын их сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэж байна.


Б.Содгэрэл

Холбоотой мэдээ