Их зохиолч Д.Нацагдоржийн үйлдсэн “Герман-монгол толь”-ийг хэвлүүлэх төслийг эхлүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-24 10:19:42

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Германы Боннын их сургуулийн номын санд хадгалж буй их зохиолч Д.Нацагдоржийн үйлдсэн “Герман-Монгол толь”-ийг шинжлэн судалж, хэвлүүлэх төслийг эхлүүлсэн байна.


Энэхүү төслийг Боннын их сургууль, Чехийн Карлын их сургууль, МУИС-ийн судлаачид хамтран хэрэгжүүлж буйг МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар мэдээллээ.


Энэ талаар доктор, профессор Ж.Бат-Ирээдүй “Уг толь бичгийг их зохиолч Д.Нацагдорж 1926-1927 онд Лайпциг хотод байхдаа бичсэн. Герман-Монгол хэлний хамгийн анхны толь бичиг буюу цор ганц хувь, гар бичмэл бүтээл юм. Энэхүү толийг монгол судлалын алдартай эрдэмтэн Эрих Хэнишийн удирдлага дор, И.Я.Шмидтийн герман толийн үгсийн санд түшиглэн, герман үгийг монгол хэлээр орчуулан, монгол бичгээр бичсэн бичсэн байдаг” хэмээн ярилаа. 


Эрдэмтэн Эрих Хэнишийн удирдлагаар Германд “Монгол судлал” эрчимтэй хөгжсөн байдаг. Тус толь нь хэл бичиг болон монгол судлалын салбарт томоохон түлхэц болохуйц бүтээл гэдгийг судлаачид онцоллоо. 

Мэдээг бэлтгэсэн Т.Хулан



Холбоотой мэдээ