Гааль, хилийн боомтуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-25 12:50:16

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/.  Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт, шалгалтыг эхлүүллээ.


Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн шийдвэрээр эхлүүлсэн тус хяналтад Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лаборатори болон шаардлагатай бусад субъектыг хамруулна. Ингэхдээ “гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журам”-ын зохицуулалтад шинжилгээ хийж, нүүрснээс сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагааг хянана. Мөн зарим хилийн боомтуудын ухаалаг гарцын байгууламж, гаалийн автомат бүрдүүлэлтийн системийн үйл ажиллагааг шалгах аж.


Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг ярихдаа, Энэхүү шалгалтын үр дүнд гааль, хилийн боомтуудын үйл ажиллагаатай холбоотой иргэд, бизнес эрхлэгчдэд тулгардаг хүнд суртал, давхардал, чирэгдэл, цаг хугацааны болон эдийн засгийн хохирол буурна.Мөн хүнээс шалтгаалсан хүнд сурталд хуулийн дагуу хариуцлага тооцох, тогтолцоонд буй асуудлыг хамтран сайжруулах зорилготой”  хэмээн онцлов.

 

Хяналт шалгалтаас гарсан дүгнэлтийг ажлын хэсэгт танилцуулж, холбогдох үйл ажиллагааг үргэлжлүүлэх хэрэгжүүлэх аж.

 

Ташрамд дурдахад, иргэн, бизнес эрхлэгч та энэхүү ажлын хүрээнд санал хүсэлтээ info@ags.gov.mn хаягт илгээж хамтран ажиллах боломжтой юм.






Холбоотой мэдээ