“Чойр-Мандалговь-Арвайхээр” төслөөр гүйцэтгэж буй авто замын бүтээн байгуулалттай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-07-26 15:08:17

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний үе шат болох Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.


Төслийн эхний үе шат Арвайхээр, Мандалговь, Чойрт 2024 онд зэрэг эхэлж, өнөөдрийн байдлаар 23.8 км зам тавиад байна. Уг чиглэлд 487.7 км урттай хатуу хучилттай зам тавих юм. Нийт өртөг нь 874,7 тэрбум төгрөг ажээ.


Төслийн эхний үе шат Арвайхээрт 90, Мандалговь, Чойрт 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр түвшний уулзварын ажлыг ирэх 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөжээ. 

 

Орон нутагт хийгдэж буй хоёр түвшний уулзвар бүхий авто замын анхны бүтээн байгуулалт болж байна. Хоёр түвшний уулзвартай болсноор зам тээврийн ослоос сэргийлэх, зам огтлолцохгүй учраас хөдөлгөөний эрчим саарахгүй давуу талтай юм байна.


Уг хэвтээ тэнхлэгийн автозам бүрэн ашиглалтад ороход баруун аймгуудаас Замын-Үүд рүү зорчихдоо Улаанбаатараар дамжих шаардлагагүй болно. Мөн 200-400 орчим км дөт замаар ачаа бараа татаж, тээврийн зардал, цаг хугацаа хэмнэх боломжтой юм.


Төслийн бүтээн байгуулалтыг “Хүслэнт бүтээмж”, “Мянган тэмүүлэл”, “Хулжийн голын зам” гэсэн гурван компани гүйцэтгэж байна.

 

Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дундговийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэрэн, Сайнцагаан, Луус, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сум, мөн Өвөрхангайн Сант, Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр сумд буюу гурван аймгийн 12 сумын нутгаар дайрна. Авто замын трасс нь Говьсүмбэр аймгийн Чойроос урагш найман км-т босоо тэнхлэгийн авто замаас эхэлж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 410 дахь км-тэй холбогдох юм.

Холбоотой мэдээ