СЭЛЭНГЭ: Волейболын U15-16 насны ангиллын олон улсын тэмцээнээс алтан медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-06 13:56:16

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Хүүхдийн олимпын зөвлөлөөс зохион байгуулдаг волейболын U15-16 насны ангиллын олон улсын тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын Спорт сургуулийн баг тамирчид нэг ч хожигдолгүй түрүүлж, алтан медалийн эзэд болжээ.

 

Энэ сарын 3-5-ны өдрүүдэд ОХУ-ын БНБУ-ын нийслэл Улаан-Үд хотноо зохион байгуулсан уг тэмцээнд ОХУ-ын Тува, Чит, Красноярск, Якут, Эрхүү хот, Монгол Улсын Улаанбаатар хотын “Аврагч” спорт хороо, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын Спорт сургуулийн U15-16 насны ангиллын баг тамирчид оролцож, хурд хүчээ сорьсон байна.

 

Сэлэнгийн тамирчдын тухайд 2 дахь жилдээ урилгаар оролцож байгаа бөгөөд өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байжээ. Энэ жил аваргын алтан медаль хүртэж, шилдэг холбогчоор 10а ангийн сурагч Э.Гүнчин, шилдэг довтлогчоор 10а ангийн сурагч Н.Түвшинбаяр нар тус тус шалгарсан байна.

 

Улаанбаатар хотын “Аврагч” спорт хорооны баг тамирчдын тухайд анх удаа уг тэмцээнд оролцож, 7-р байрт шалгарчээ. 

Холбоотой мэдээ