ӨВӨРХАНГАЙ: Монгол эсгий урлалын баярыг гадаадын жуулчид үзэж сонирхлоо

ФОТО МЭДЭЭ
batchimeg@montsame.mn
2025-07-25 13:02:59

Арвайхээр, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгаас тогтмол зохион байгуулдаг эвент үйл ажиллагаа болох “Монгол эсгий урлалын баяр” Хужирт суманд 13 дахь жилдээ боллоо.


Нүүдэлчин ардын уламжлалт арга ухаанаар эсгий хийж, эсгийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаа гаргах, сүү хөөрүүлж, ааруул зүсэх зэрэг өв соёлыг сурталчилж, бөхийн барилдаан, дааганы уралдаан, үндэсний хувцастай сайхан хос болон хүүхэд шалгаруулах үйл ажиллагааг аймгийн СУАЖЗГ, Хужирт сумын ЗДТГ, “ДМД” ХХК, “Мондижитал тур” ХХК хамтран зохион байгууллаа.



Энэ жил Хужирт сумын Өвөр модотын 1 дүгээр баг, Уужимын 2 дугаар багийн малч иргэд голлон оролцсон бол ирэх жилээс тойргийн сумдыг хамруулах хийхээ сумын Засаг дарга Ж.Оюунгэрэл хэлж байв. Эсгий урлалын баярыг гадаадын 100 орчим жуулчин үзэж сонирхлоо.



Монгол эсгий хийх уламжлалт арга ухааныг хадгалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх, гадаадын жуулчдыг татах, нутгийн иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд тус арга хэмжээ чухал ач холбогдолтой юм. Цаашид цар хүрээг өргөжүүлж, чанаржуулахад анхаарах шаардлагатайг оролцогчид хэлж байлаа.