ТӨВ: Хүчтэй салхи, шуурганы улмаас үүссэн хохирлыг тогтоохоор ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-07-25 22:22:58

Зуунмод, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-ний оройн 21.10-22.15 цагийн хооронд Төв аймгийн Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын нутгаар хүчтэй салхилсны улмаас цахилгааны гэмтэл гарч, айл өрхүүдийн хашаа унах, гэр нурах, байшингийн дээвэр хуулрах, барилга байшингийн цонх хагарах зэрэг хохирол учирчээ. Энэ үеэр 20-25 метр секундын хурдтай салхилж, аадар бороо орсон юм.


Дээрх сумдын Онцгой комисс шуурхай хуралдан бодит хохирлыг тогтоох, сумын орон тооны бус үнэлгээний хорооны тайлан гаргахаар ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэгт Цагдаагийн газар болон сум орон нутгаас нийт 29 алба хаагч, 9 автомашинтай ажиллаж байгаа юм. 


Түүнчлэн Төв аймгийн Лүн сумын 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 67 тулгуурыг сэргээн босгох ажилд "УБЦТС ТӨХК"-иас нийт 80 хүн, 20 машин механизмтай ажиллахаар замдаа гарчээ.



Холбоотой мэдээ