ЗАВХАН: Монгол орны нийт цэвдэгт бүсийн хамгийн их талбайг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-26 12:04:13

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Хангайн уулархаг мужид цэвдгийн 25 мониторингийн цэг байдгаас Завхан аймагт 2 цооногт температурын байнгын хэмжилт хийж байна.


Завхан аймаг нь 82455.7 хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй, үүнээс 52888 хавтгай дөрвөлжин км талбай нь цэвдэгтэй, аймгийн нийт нутаг дэвсгэрийн 64.1 хувийг цэвдэг эзэлж байна.


Завхан аймаг хангайн уулархаг бүс нутгийн цэвдгийн тархалтын бүсэд хамрагдах бөгөөд энэхүү бүс нь бусад бүс нутгуудаас хамгийн их талбай буюу Монгол орны нийт цэвдэгт бүсэд эзлэх хувь нь 11.4 хувь байна. 


Хангайн гол нуруу баруун хойноос зүүн урагшаа сунаж тогтсон, салбар Булнай, Тарвагатайн нурууд өргөргийн чиглэлтэй буюу гол нуруутай бараг перпендикуляр байрлалаар тогтсон ажээ. Хангайн төв нурууны хяр нуруу нь ихэвчлэн хавтгай буюу бөмбөгөрдүү хэлбэртэй. Зарим газарт өргөн талбай байдгаас үзвэл түүнийг эртний тэгш өндөрлөгийн үлдэгдэл гэж үзэж болохоор байгааг судлаачид тогтоожээ.


Завхан аймгийн Нөмрөг сумын төвийн цооногийн 10 метрийн гүний температур нь 1981 онд -0,75оС, 2009 онд -0,39оС, 2010 онд -0,39оС, 92 байсан. 2011 онд -0,39оС, 2012 онд -0,39оС, 2013 онд -0,39оС, 2014 онд -0,39оС, 2015 онд - 0,39оС, 2016 онд -0,36оС болж нэмэгдсэн байна гэж хамгийн сүүлийн судалгаанд өгүүлсэн тухай Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас мэдээллээ.  


Цэвдэг гэдэг нь газрын гүний тодорхой түвшинд хоёроос дээш жилд, тэгээс доош хэмд оршдог хөрс чулуулаг юм. 2016 оны судалгаагаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 29.3 хувийг цэвдэг эзэлдэг хэмээн тодорхойлсон. Монгол орон сибирийн үргэлжилсэн цэвдгийн өмнө захад оршдог онцлогтой.


Манай орны цэвдгийн өөр нэг онцлог гэвэл тэг хэмд ойрхон буюу гэсэхдээ амархан, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, мэдрэмтгий байгаа юм. Тухайлбал, сүүлийн 40-50 жилийн хугацаанд цэвдэг эрчимтэй хайлж, үгүй болж байгааг бидний судалгаа харуулж байна гэж ШУА-ийн Газарзүй геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Г.Цогт-Эрдэнэ дурджээ.


Монгол орны Хэнтий, Хангайн нуруу, Хөвсгөлийн уулсын өндөрлөг хэсэгт цэвдэг түлхүү тархсан байдаг. Энэ цэвдэгтэй өндөрлөг хэсгүүдийн ач тусаар Туул, Орхон, Чулуут, Идэр, Завхан голын ус нь бүрэлдэж, урсаж байдаг. Цэвдэг ус үйлдвэрлэдэг. Монгол орны нийт газар нутгийн 63 хувь нь цэвдэгтэй байсан бол одоо 29 хувь болж буурсан.


Цэвдэг үгүй болсноор гол, горхи, булаг, шандын ус доош газарт шингээд, булаг шанд оргилж гарч ирж чадахгүй болно. Монгол орны цэвдгийг хуурай бөгөөд гандуу бүсийн цэвдэг гэж үздэг. Ийм хуурай уур амьсгалтай нутгийн цэвдэг бусад орны цэвдгээс бүр хэд дахин илүү ач холбогдолтой байдаг. Хуурай бүсэд цэвдэгтэй л бол амьдрал байдаг. Цэвдэг устаж, үгүй болбол цөлжилт асар хурдацтай эрчимжинэ. Цэвдэг нь экосистемийн маш үнэ цэнтэй нэг бүрэлдэхүүн хэсэг юм.

 

Холбоотой мэдээ