Ши Жиньпин: Хятад, Европын Холбооны удирдагчид стратегийн зөв шийдвэр гаргах ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-24 16:01:40

БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 24 /CGTN/. Хятад болон Европын Холбооны удирдагчид дэлхий дахиныг хамарч буй өөрчлөлтийн энэ үед алсын хараатай байж, стратегийн зөв шийдвэр гаргах ёстой гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэдэгджээ.


“Дэлхий дахины нөхцөл байдал улам бүр хурдтай өөрчлөгдөж, олон улсын байдал тогтворгүй болж байгаа энэ үед Хятад, Европын Холбооны удирдагчид алсын хараатай, хариуцлагатай байдлаа дахин харуулж, стратегийн зөв шийдвэр гаргах ёстой" гэж Ши Жиньпин Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн дарга Антониу Коштаг нарыг Бээжин хот дахь Ардын их хурлын ордонд өнөөдөр хүлээн авч уулзахдаа мэдэгдсэн байна. 


Хятад, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, мөн НҮБ байгуулагдсаны 80 ой энэ онд тохиож байгааг Хятадын удирдагч дурдаад, Хятад, Европын Холбооны харилцаа одоо түүхийн чухал уулзвар дээр ирээд байна. Бид харилцан солилцоо, хамтын ажиллагааны хүрээнд олон үр дүнд хүрсэн нь зөвхөн хоёр талд төдийгүй дэлхий нийтэд ашиг тусаа өгсөн” гэж онцоллоо.


Хятад, Европын Холбоо нь олон талт, нээлттэй хамтын ажиллагааг дэмждэг хэмээн Ши Жиньпин онцлоод "Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй, ноцтой байхын хэрээр Хятад, Европ хоёр харилцаа холбоогоо бэхжүүлж, харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой" хэмээн хэлсэн байна. 


Ши Жиньпиний хэлснээр, Хятад-Европын харилцаа тогтвортой, найрсаг байх нь дэлхий дахины байдлыг илүү тогтвортой, тодорхой болоход нөлөөлнө. Бээжин, Брюссель хоёр олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэдэг тул хоёр тал “зөв чиглэлийг баримтлан, хамтдаа илүү гэрэл гэгээтэй ирээдүйг цогцлоох ёстой” хэмээн тэрбээр хэллээ. 


Ши Жиньпин Хятад, Европын Холбооны харилцаа нь харилцан хүндэтгэл, харилцан ашигтай байдалд тулгуурлах ёстойг онцлон тэмдэглэв. Мөн “санал зөрөлдөөнтэй байлаа ч гэсэн шийдлийг олох гарцыг эрэлхийлэх ёстой" гэж тэрбээр хэлсэн байна. 


Холбоотой мэдээ