ЗАВХАН: Улаан хаалгын рашааны чанар 9 сар хүртэл эмчилгээний түвшинд хүрдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-20 14:21:21

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улаан хаалгын рашаан сувилал 21 ундаргыг шинжлүүлж эмчилгээ, сувилгаанд ашиглаж байна.

Монгол орны хамгийн эрэлттэй томоохон рашаан, сувиллуудын нэг болох Улаан хаалгын рашаан сувилал нь Улаанбаатар хотоос 1000 км, аймгийн төвөөс 50 км-т байрладаг.


"Хаалгын эм" хэмээх ой мод, булаг шанд бүхий байгалийн үзэсгэлэнт газарт далайн түвшнээс дээш 2280 метрт оршдог. Халуун, хүйтэн чанартай рашаан юм.


Энд кальци, магни, кали, натри, хүхэрт устөрөгч, гидрокарбонат, сульфат агуулсан, целсийн +10+41 хэмийн халуун, хүйтэн хосолсон нийт 61 төрлийн ундарга нээгдсэн байдаг. Үүнээс 21 ундаргыг шинжлүүлж эмчилгээ, сувилгаанд ашиглаж байна. 

Рашаан нь таван цул, хий шар бадган хийгээд халуун шар, бөөр, зүрх, ходоод, элэг цөс, мэдрэл, үе мөч, ядаргаа, хоолой болон эмэгтэйчүүдийн өвчинд тустай.

Зургаадугаар сараас эхлэн 9 дүгээр сарын 15 хүртэл рашааны чанар сайн бөгөөд найрлага нь эмчилгээний түвшинд хүрдэг нь батлагдсан.


Рашааны эмчилгээг хануур эмчилгээтэй хослуулж хийдгээрээ онцлогтой.
Ардын эмнэлэг, зүү төөнүүрийн чиглэлээр мэргэшсэн их эмч, сувилагч, мэргэжлийн тогооч, туршлагатай ажилтнуудаар бүрэн хангагдсан. Рашаанаар эмчлүүлэгчдийг тав тухтай нөхцөлд амарч сувилуулах нөхцөлийг бүрдүүлсэн сувилал юм. 


Физик эмчилгээ, биеийн тамир эмчилгээ, зүү төөнүүр, бариа засал, иллэг, хануур, самнуур, монгол эмэн эмчилгээ зэрэг уламжлалт эмчилгээгээр үйлчилдэг. 


Улаан хаалгын рашаан амралт нь байгалийн тогтцын хувьд Тарвагатайн нурууны хойд хэсэг Богд Очирваань уулын ар тал болох эргэн тойрон гол дагасан ой модлог бутлаг, эмийн ургамал хосолсон, ховор ан амьтдаар дүүрэн байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг.


Анх 1987 онд байгуулагдаж рашаан сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж өдгөө 38 дахь жилдээ амрагч, сувилуулагч, жуулчдыг хүлээн авч байна.


Нэг ээлждээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд амрагч хүлээн авах зуны байр болон гэрүүдтэй. Амрагч сувилуулагчдын байр, гал тогоо, эмнэлэг, халуун ус, клуб, спорт тоглоомын байртай.


Энэ жил аялагч амрагч нарт зориулж тухайн газар нутгийн сонин содон, онцлог түүхийг танилцуулж, морин аялал, явган аялал, үзэсгэлэнт онцлог газруудаар аялуулах, малчин айлд зочлуулах, рашааны үйл ажиллагаатай танилцуулах зэрэг хөтчийн үйлчилгээг үзүүлж байна. 


Улаан хаалгын рашааныг эрт дээр үеэс нутгийн ардууд элэг, цөс, ходоод гэдэсний архаг өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай.


Улаан хаалгын рашааны хотхон


Аялагчид рашааны ойролцоо амрангаа рашааны ундаргаас хүртэх боломжтой.


Рашааны хотхон өвөл

Холбоотой мэдээ