ОБЕГ: 2025 оны эхний долоон сарын байдлаар 204 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-24 13:19:37

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас ойн түймэр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Улсын хэмжээнд өнөөдрийн 11:00 цагийн байдлаар ойн 22 түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд дөрөв, Хүдэр суманд ассан нэг түймрийг цурамд оруулжээ. “Хуурайшил, байгалийн аюулт үзэгдэл болон хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй 204 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдсэн нь өнгөрөгч оны үзүүлэлтээс 56 хувиар илүү байгааг ОБЕГ-ынхан хэллээ. 204 удаагийн түймрийн 73-ынх нь шалтгааныг олж тогтооход бүгд хүний буруу үйл ажиллагаанаас үүдэлтэй байсан байна.


2024 онтой харьцуулахад ойн түймэр тав дахин буюу 135, хээрийн түймэр 1.2 дахин буюу 69 болж нэмэгдсэн байна. 135 ойн түймрийн 90 нь Сэлэнгэ аймагт гарсан учраас өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн тус аймгийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. Улсын хэмжээнд 2025 оны гуравдугаар сараас эхлэн ой, хээрийн түймэр бүртгэгдэж эхэлсэн бөгөөд 75 мянган га газар түймэрт өртжээ.


УОК болон ОБЕГ-аас Шуурхай штаб байгуулан түймрийн голомтод ажиллаж буй албан хаагчдыг тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулан, хувцас хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжөөр хангаж, түймрийг хяналтаасаа алдалгүй шуурхай ажиллаж байгааг хэвлэлийн хурлын үеэр дурдлаа. Цаашид ой хээрийн түймэр нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул УОК болон ОБЕГ түймрээс сэргийлэн ойн менежментийг сайжруулах төлөвлөгөөт ажлыг эхлүүлж, иргэдийг түймэр гарч буй бүс нутгаар зорчихгүй байх, ил задгай гал түлэх, шил, тамхины ишээ хаяхгүй байхыг санууллаа. 

Мэдээ бэлтгэсэн Т.Хулан

Холбоотой мэдээ