Монголын сурагчид таван медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Францын нийслэл Парис хотод олон улсын физикийн 55 дахь удаагийн олимпиад болж өндөрлөлөө.
Тус олимпиадаас манай сурагчид хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, МУИС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Батбаяр, 11 дүгээр ангийн сурагч Э.Ичинбат нар мөнгөн медалийн эзэн болжээ. Харин нэгдүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Мөнх-Оргил, “Сант” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Г.Азжаргал “Абсолют-Элит” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Д.Энхтөгс нар хүрэл медалиар энгэрээ мялаажээ.
Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан шилдэг залуу физикчдийн энэхүү олимпиад нь физикийн шинжлэх ухааны онолын болон туршилтын мэдлэгийг хамгийн дээд түвшинд сорин, аналитик ур чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх зэрэг олон талаар хөгжих боломжийг нээж өгдөг аж.
Ташрамд сонирхуулахад, өнгөрсөн жил Ираны Исфахан хотод болсон олон улсын 54 дүгээр олимпиадаас Монголын сурагчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан юм. Тэгвэл энэ удаа амжилтаа нэг ахиулав.
Мэдээ бэлтгэсэн Т.Хулан