Монгол, Казах улс иргэдээ харилцан татна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-05-27 20:32:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр  хүлээн авч уулзлаа.


Уулзалтаар Монгол, Казахстан улс иргэдээ харилцан татан авах тусгай нислэг үйлдэх талаар санал солилцлоо. Казахстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Харин Казахстаны 100 гаруй иргэн нутаг буцах хүсэлтэй байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа аж.


Шадар сайд Ө.Энхтүвшин, "Бид Казахстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд ирэх сарын эхний хагаст гэсэн бодолтой байна. Учир нь ойрын үед гадаадаас татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусах юм. Танай Засгийн газар ойрын хугацаанд "COVID-19" цар тахлыг бүрэн хяналтдаа авна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.


Элчин сайд Жалгас Адылбаев цаг гарган, хоёр улс иргэдээ харилцан татан авах талаар санал солилцсонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.


Ташрамд дурдахад, Казахстанд "COVID-19"-ийн 9400 гаруй тохиолдол бүртгэгдэж, 4600 гаруй нь эдгэрчээ.

Холбоотой мэдээ