Завхан аймаг малжуулах ажилд 477 сая төгрөг зарцуулжээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-04-30 10:48:48

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Статистикийн хэлтсээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын нийгэм ахуйн үзүүлэлт, хэрэглээний талаарх сонирхолтой судалгааг сүүлийн 10 жилийн статистик дүн мэдээнд тулгуурлан хийснээ сэтгүүлчдэд танилцууллаа.

Тухайлбал өнгөрсөн жил Завхан аймаг 126 өрхийг 477.7 сая төгрөгийн 6503 толгой малаар малжуулсан байна. Малжуулах арга хэмжээнд зарцуулсан хөрөнгийн 45.6 хувийг орон нутгийн хөрөнгөөр, 54.4 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжигдсэн байна. 2019 оны жилийн эцэст 13 мянга 392 малтай өрх тоологджээ. Малтай өрхийг малын тоогоор нь бүлэглэн авч үзвэл нийт амины малтай өрхийн 3.4 хувь нь 10 хүртэл малтай байна. Харин нийт малтай өрхийн 53.1 хувь нь 200 хүртэл малтай байна. Малтай өрхийн 30 орчим хувь нь 201-500 малтай бол, 13 орчим хувь нь 501-999 хүртэл малтай. Аймгийн дүнгээр нийт малтай өрхийн 4.2 хувийг нь 1000 –аас дээш малтай өрхүүд тус тус эзэлж байна. Малтай өрх гэдэг нь малыг ахуй амьдралдаа туслах чанарын үүрэгтэй өсгөн үржүүлдэг өрхийг хэлдэг тухай Статистикийн хэлтэс мэдээлэв.

 Завханы малчин өрхийн 18 хувь нь 500-аас дээш малтай

Жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр нь болж байгаа өрхийг малчин өрх гэж нэрлэдэг.

Тэгвэл энэ онд аймгийн хэмжээнд нийт 8921 малчин өрх тоолууллаа. Малын тоогоор бүлэглэн авч үзвэл нийт малчин өрхийн 1.3 хувь нь 10 хүртэл малтай, 40.2 хувь нь 200 хүртэл малтай, 35 орчим хувь нь 201-500 малтай байна. Дөнгөж 18 хувь нь 501-999 хүртэл малтай, 7.2 хувь нь 1000-аас дээш малтай өрхүүд тус тус эзэлж байна.

Харин жилийн эцсийн мал тооллогын дүнгээр улсын хэмжээнд 70 сая 969.3 мянган мал тоологдсоны 5.4 хувийг тус аймгийн мал сүрэг эзэлж байна. Бүсийн хэмжээнд 16 сая 4.3 мянган мал тоологдсоны 3 сая 849.9 мянга буюу 24.0 хувийг аймгийн малын тоо эзэлж байна. Малтай өрхийн тоогоороо бүсдээ 21.0 хувь, малчин өрхийн тоогоор 21.6 хувь, малчдын тоогоор 22.2 хувийг тус тус эзэлж байна.

Малчин өрхийг олон тоон дээр малчид гэж нэрийддэг. Жилийн дөрвөн улирлын туршид мал аж ахуй эрхэлж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр болж байгаа 16 ба түүнээс дээш насны хүмүүсийг малчид гэж нэрлэнэ. Тиймээс мэдээ мэдээлэлд дурдахдаа малтай өрх, малчин өрх, малчид гэдэг нэр томьёог зөв хэрэглэх нь чухал гэдгийг мөн үеэр сануулав.

 Аймгийн хэмжээнд нэг өрх дунджаар 41 толгой малыг жилд хэрэглэдэг

Завхан аймагт оны эхний нийт малын 25.2 хувьтай тэнцэх 894.5 мянган малыг хэрэглээнд зарцуулсан байна.

Малтай нэг өрхөд дунджаар 67 толгой малыг хэрэглээнд зориулан зарцуулсныг аймгийн нийт өрхөд харьцуулбал нэг өрх дунджаар 41 толгой малыг хэрэглээндээ зарцуулсан гэсэн судалгаа байна. Гэтэл аймгийн хэмжээнд 15.6 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж байна. Дээрх тооноос үзэхэд мал махны эрэлт хэрэгцээ жил бүр харилцан адилгүй их байдаг. Тиймээс 15 мянга гаруй малчин иргэдийн хэрэглээний махыг бэлтгэж өөрсдийн амьжиргаагаа залгуулж байна. Гэтэл жил бүр мал маллах иргэдийн тоо цөөрч байгаа нь мөн судалгаанаас харагдаж байгаа.

Тухайлбал аймгийн нийт малчдын дөнгөж 27 хувь нь 15-34 насны залуучууд байна. Нийт малчдын 60 хувь нь 35-59 насны хүмүүс буюу идэр насныхан байна. Харин нийт малчдын 60 орчим хувь нь эрэгтэйчүүд, 40 хувь нь эмэгтэй малчид байна. Ганц бие, өрх толгойлсон эрэгтэй малчид олон бий. Жил бүр малтай өрхийн тоо өссөн ч малчин өрхийн тоо буурсан байна.

 

Эрэгтэй малчид биеэ өвдвөл л эмнэлэгт ханддаг гэв

Завхан аймгийн нийт малчдын нийгэм ахуйн зарим үзүүлэлтийг судалж үзжээ.

Судалгаагаар малчин өрхийн 94 хувь нь цахилгааны эх үүсгүүртэй. Малчдын 84 хувь нь телевизортой, сансрын антентай байна. Харин 61 хувь нь хувьдаа автомашинтай байсан бол 60 хувь нь мотоциклтой байна. Нийт малчин өрхийн 95 хувь нь өөрийн хүүхэд болон ач, зээгийнхээ их дээд сургуулийн төлбөрийг байнга төлдөг. Жилдээ нэг л удаа эрүүл мэндийн үзлэгт сайн дураараа үзүүлдэг гэж эмэгтэй малчдын 60 орчим хувь нь хариулж байсан. Харин эрэгтэй малчдын дөнгөж 50 шахам хувь нь бие өвдсөн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлдэг. Харин аймгаас бодлогоор зохион байгуулсан томоохон арга хэмжээний үеэр эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдаж чаддаг гэж хариулжээ. Нийт малчин өрхийн 78 хувь нь арилжааны банкуудаас хэрэглээний зээл авсан байна. 

Холбоотой мэдээ