220 га нийтийн эдэлбэр газрын найман тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-29 15:37:41

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Шилүүстэй сум нийтийн эдэлбэр газрын эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэж COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ариутгалыг хийжээ.

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулж гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл хийх аймгийн Засаг даргын албан даалгавар гарсан билээ. Энэхүү албан даалгаврын хүрээнд Шилүүстэй сум хаврын их цэвэрлэгээг хийж ариутгал хийжээ. Манай сум долоо хоног бүрийн тав дахь өдрийг албан байгууллагууд их цэвэрлэгээний өдөр болгож хэвшсэн. Харин айл өрхүүд сар бүрийн 21-22-ны өдрүүдэд их цэвэрлэгээ хийж хогоо нэгдсэн журмаар ачуулдаг болсон. COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хаврын их цэвэрлэгээг хийж нийтийн эзэмшлийн зам талбай, айл, өрх, албан байгууллагуудад ариутгалын ажлыг хийлээ.

Хаврын их цэвэрлэгээнд 285 айл өрх хамрагдаж 420 хүн оролцлоо. 220 га нийтийн эдэлбэр газрын найман тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгалаа. Мөн хөрсний доройтлыг бууруулж төв суурин газрын өнгө үзэмжийг сайжруулахаар цэцэрлэгжүүлэлтийн ажлаа эхлээд байгаа.

Түүнчлэн 80 гаруй золбин гөлөг, нохойг устгаж ариутгал хийн төвлөрсөн хогийн цэгийг ландшафтын аргаар дарж буллаа. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд хогоо ангилан ялгаж хаях аяныг өрнүүлж байна. Ирэх сараас хогоо ангилаагүй айл өрх, албан газрын хогийг ачихгүй. Гялгар уутнаас татгалзах, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор амны хаалтгүй иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байх аянуудыг идэвхтэй өрнүүлж байна. Мөн сумын өрх бүрийг нэг төрийн албан хаагчид хариуцуулж өрх бүрт харилцах дэвтрийг нээж өгсөн. Энэ харилцах дэвтрээр дамжуулан иргэн бүрийн санал хүсэлт, шүүмжлэлийг авч, амны хаалтны хэрэглээ, гарын ариун цэврийг сахих заавар зөвлөгөө, цаг үеийн мэдээллийг иргэн бүрт хүргүүлж байгаа тухайгаа Шилүүстэй сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ