Э.Золбаяр: Архидан согтуурах нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хүчин зүйл болоод байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/.Цагдаагийн Ерөнхий газраас Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын сан зэрэг байгууллагатай хамтран “Хайр өвтгөдөггүй” “Архигүй орчин” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг энэ оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 27-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулж байгаа билээ. Энэхүү аяныг Завхан аймагт хэрхэн зохион байгуулж буй, аяны үр дүнгийн талаарх мэдээллийг тус аймаг дахь Цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Золбаяраас асууж тодрууллаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. “Хайр
өвтгөдөггүй” “Архигүй
орчин” урьдчилан сэргийлэх,
соён гэгээрүүлэх арга хэмжээг Завхан аймагт ямар хэлбэрээр зохион байгуулж байна
вэ?
-Өнөөдөр манай нийгэмд эхнэрээ зодох, хүүхдийнхээ бие махбодод гэмтэл учруулах зэргийг л хүчирхийлэл хэмээн үздэг, бусдыг нь тоодоггүй хэвшмэл ойлголт саяхныг хүртэл байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үнэн хэрэгтээ олон хэлбэрээр үйлдэгддэг. Тухайлбал, бие махбодын, эдийн засгийн, оюун санааны болон бэлгийн хүчирхийлэл зэрэг хэлбэрүүд байдаг. Монгол Улс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль баталж, 2017 оноос хэрэгжүүлж эхэлснээр энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээлэл ихэсч, илрүүлэлт, шийдвэрлэлт өссөн.
Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах талаар мэргэжлийн байгууллагууд олон төрлийн үр дүнтэй арга хэмжээнүүд, аяныг зохион байгуулж байна. Үүний нэг нь “Хайр өвтгөдөггүй” аян юм. Манай Цагдаагийн газар 2020 оны гуравдугаар сарын 06-26-ны хооронд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулж буй “Хайр өвтгөдөггүй” аян болон Хэрэг бүртгэх албанаас хэрэгжүүлж буй “Архигүй орчин” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү арга хэмжээ, аяны зорилго нь гэр бүлийн
хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр
бүлийн хүчирхийлэл үйлдэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлвийг өөрчлөх,
хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, нуугдмал гэмт хэрэг,
зөрчлийг илрүүлэх зорилготой. Мөн аяны хүрээнд хохирогчийн эрх, хууль ёсны
ашиг, сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхэд төрийн
болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор
баг хариуцсан хэсгийн байцаагч нар маань иргэдэд санамж, сэрэмжлүүлэг тарааж
өгөх, олон нийтийн газар, гудамж талбайд байршуулах, иргэдэд зөвлөгөө мэдээллийг өгөх ажлуудыг хийж байна. Мөн жил бүр иргэдийг соён гэгээрүүлэхэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн
ажил хийж байна.
-Завхан аймгийн хэмжээнд энэ төрлийн гэмт хэргийн гаралт ямар байгаа вэ?
-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” сүүлийн жилүүдэд нийт гэмт хэргийн 30 орчим хувийг эзэлж тогтмол өссөн байна. Энэ төрлийн гэмт хэргийн дийлэнх хувийг 18-39 насны залуучууд үйлдэж байгаа нь харамсалтай юм. Завхан аймгийн хэмжээнд 2020 оны эхний гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг” нь 21 бүртгэгдсэн нь урд оны мөн үетэй харьцуулахад хоёр нэгжээр буюу 10.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар нэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс гурван нэгжээр буюу 75 хувиар буурсан байна.
Гарч байгаа гэр бүлийн
хүчирхийллийн гэмт хэрэг буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч хүчирхийллийн
шинжтэй гомдол мэдээлэл, зөрчил буурахгүй байгаа. Тухайн гэмт хэрэг, зөрчлийг
согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс маргалдан зодолдох,
уур бухимдлаа хүчээр шийдэх, гэр бүл дэх тэгш бус харилцаа, иргэдийн гэмт
хэрэг, зөрчлөөс үүдэн гарах хор, уршиг, оногдуулах ял шийтгэлийн талаарх эрх
зүйн мэдлэг дутмаг зэрэг нийтлэг шалтгааны улмаас үйлдэж байна. Тиймээс
иргэдийг энэ төрлийн гэмт хэргийг санаатай болон санамсаргүй үйлдэхээс
урьдчилан сэргийлэхийн тулд тэднийг соён гэгээрүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах
ажил зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тийм ч учраас “Хайр өвтгөдөггүй” аян
болон Хэрэг бүртгэх албанаас хэрэгжүүлж буй “Архигүй орчин” нэгдсэн арга хэмжээ
нь цаг үеэ олсон ажил юм.
-Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг буурсан ч гомдол мэдээлэл тасрахгүй байна гэлээ. Иргэд хуулийн ойлголт мэдлэг хангалтгүй байх шиг санагдав. Ер нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гол зорилгыг та тайлбарлаж өгөхгүй юу?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол барих
хорихдоо гол биш. Харин олон нийтийн сэтгэлгээг өөрчлөх, соён гэгээрүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох,
хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг
хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор боловсруулсан
хууль юм.
Гэр бүлийн хохирогч нь хүчирхийлэл үйлдсэн хүнийг, арга
нь барагдаж, хүчин мөхөстсөн, бэртэл гэмтэл авсан, согтуугаар агсам тавьсан үед
л цагдаад мэдэгддэг. Гэсэн хэдий ч хохирогчид хүчирхийлэгчдийг баривчлуулж,
хориулаад байхыг хүсдэггүй. Харин зөвхөн хүчирхийлдэг зан үйлийг нь засаж,
хамтдаа айх айдасгүй амар амгалан амьдралаа үргэлжлүүлэхийг л хүсдэг. Мөн гэр
бүл салсан ч эргээд өөрт нь дарамт учруулаад байхгүй болгож өгөөсэй л гэж хүсдэг.
Энэ хэрэгцээг л харгалзан хуульд тусгайлан оруулж өгсөн байдаг юм. Тийм ч
учраас энэ хуульд зан үйлийг нь засах сургалтыг чухалчлан тусгасан байдаг.
-Зан үйлийн сургалт гэдэг нь юу вэ? Энэ сургалтын онцлог нь юу юм бол?
-Энэ бол мэдлэг олгох сургалт биш, зөв бурууг шүүх, тэгэх
ёстой ингэх ёстой гэж хуулиар далайлгаж айлгах ажил огт биш. Хүчирхийлэл
үйлдэхэд хүргэдэг, ухамсартай нь ажилладаг сэтгэл зүйн асуудал юм.
-Гэр бүлийн
хүчирхийллийн гэмт хэрэгт ямар ял, шийтгэл хүлээлгэдэг вэ?
-Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил өөрөө онцлог.
Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн 5.4-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд
7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулж, албадан сургалтад суулгахаар заасан.
Үүнээс өөр торгох болон бусад шийтгэл байхгүй. Өөрөөр хэлбэл, зөвхөн баривчлах
шийтгэлтэй учир нэлээн хатуу шийтгэлтэйд тооцогддог.
-Эхнэр, нөхөр хоёулаа бие биеэ гэмтээсэн тохиолдол гардаг. Ийм үед хэн хохирогч, хэн хүчирхийлэл үйлдэгч болох вэ?
-Ийм нөхцөлд мэдээж хоёр талын мэдүүлгээр тогтооно. Гэхдээ хамгийн гол нь хэн хэнээсээ илүү айж байна. Хэн нь илүү бэртэл учруулж байна. Хэн нь гол шийдвэрээ гаргаж байна, гэдгийг тогтоосны дүнд аль нь хохирогч болохыг тогтоодог. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт, урьд өмнөх явдлуудыг нь авч үзэх шаардлагатай. Хэзээнээс, ямар давтамжтай, ямар тохиолдолд вэ гэдэг нь хохирогч, хүчирхийлэгчийг тодорхойлоход нэн чухал байдаг. Шалгагдаж байгаа асуудал намжсаны дараа хүчирхийлэгч нь хохирогчоос уучлалт гуйна. Ахиж ийм асуудал гаргахгүй гэж амлалт өгөөд, хайртай дуртайгаа ярилцаад эхэлдэг. Хэсэг хугацааны дараа ахиад өнөөх үйл явдлууд давтагдана. Тийм л учраас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг ойлгуулахаас гадна тэдний зан үйл, харилцаа хандлагыг өөрчлөх нь маш чухал юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн зорилго нь урьдчилан сэргийлэх л юм гэдгийг дахин хэлье. Энэ нь Эрүүгийн болон Зөрчлийн хууль гэх мэт таваас зургаан хуультай нягт холбоотой. Гэр бүлийн гишүүнээ нэг удаа зодсон, ямар нэг үйлдэл хийх болон хийхгүй байхыг албадах, эдийн засгийн дарамтад оруулсан бол зөрчил гэж үзээд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг. Мөн 7-30 хоног баривчилж, зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулдаг. Ажаад байхад торгох ял үр дүн муутай. Учир нь тухайн гэр бүлийг давхар хохироодог юм.
-Албадан сургалтын талаар та ярилаа. Хуульд сайн дураар зан үйлд нөлөөлөх сургалтад хамрагдах талаар тусгасан байдаг юм байна. Гэвч ингэж хамрагдах
байдал ямар түвшинд байгаа бол. Мөн албадан сургалтад хамрагдсанаар үр дүн
гардаг болов уу?
-Хохирогчийг дахин дарамтлахаас урьдчилан сэргийлэх, “Би буруу юм хийгээд
байгаа юм байна” гэдгийг ойлгуулах, асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх
харилцааны ур чадварыг зан үйлд нөлөөлөх сургалтаар олгох зорилготой. Сургалт нь
сайн дурын болон албадан гэсэн хоёр төрөл бий. Зөрчлийн хуулиар 7-30 хоног
баривчилсан тохиолдолд баривчлах байранд сургалт явуулж байна. Зарим хүн
багаасаа аливаад байнга уур уцаартайгаар ханддаг, хэн нэгнийг зодож дийлж
байж асуудлаа шийдээд сурчихсан байдаг. Гэхдээ “өөр арга байдаг юм шүү” гэдгийг
тэдэнд зааж өгөх сургалт юм. Хэрвээ хүн
хүсвэл сайн дураараа зан үйлийн сургалтад сууж болно. Сайн дурын сургалтыг
магадлан итгэмжлэгдсэн төрийн бус байгууллагууд, сэтгэл зүйн төвүүд явуулна гэж
заасан байдаг.
-Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад хамгийн түрүүнд очдог цагдаагийн
байгууллага ямар үйл ажиллагааг явуулдаг вэ?
-Цагдаагийн
байгууллага гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэлд анхдагч туслалцаа
үзүүлэгчийн хувьд хүчирхийллийг таслан зогсооход гол үүргийг хүлээнэ. Тухайлбал,
дуудлагад шуурхай очих, хүчирхийлэл үйлдсэн орон
байранд нэвтрэн орж гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах үүрэгтэй.
Өмнө нь хүн байхгүй юм шиг чимээгүй байвал цагдаагийн алба
хаагч нэвтэрч орж чаддаггүй байсан. Харин одоо заавал нэвтрэх үүрэгтэй болсон
юм. Цагдаагийн алба хаагч хүчирхийлэл үйлдсэн этгээдийн талаар өмнө нь хэдэн
удаа дуудлага өгч байсан, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан уу, одоо очиход хэр аюултай вэ, хохирогчийн зүгээс ямар дарамтад байсан гэх мэт мэдээллийг
шууд шалгах боломжтой. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад цагдаагийн алба хаагч
хоёулаа очих ёстой. Нэг нь аюулгүйн зэргийн үнэлгээ хийнэ, нөгөө нь гэр
бүлийнхэнтэй ярилцаж, хүчирхийллийг таслан зогсоох ёстой.
-Иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшилснээр гэр бүлийн
хүчирхийллийн дуудлага, мэдээлэл ихэсч байна гэж ойлгож болох уу?
-Ер нь бол тийм. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл
ихэсч, шалгаж байгаа зөрчил нэмэгдэж байгаа нь энэ төрлийн гэмт хэрэг ил болж
байгаагийн шинж. Дээр хэлсэнчлэн цоожтой хаалганы цаана үйлдэгддэг гэмт хэрэг
ил болж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, иргэд “Гэр бүлийн хүчирхийлэл буруу,
хүчирхийлэлгүй нийгмийг төлөвшүүлэх ёстой юм байна” гэдгийг ойлгодог болсон
байна. Ингэснээр энэ төрлийн гэмт хэргийг илрүүлж, шийдвэрлэхэд иргэний
оролцоо нэмэгдэж байгаа нь авууштай юм. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн 50
гаруй хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн байдаг. Өөрөөр
хэлбэл, архи, согтууруулах ундаа нь хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа гол
хүчин зүйл.
Тийм учраас манай Цагдаагийн газраас “Хайр өвтгөдөггүй” аян болон Хэрэг бүртгэх албанаас хэрэгжүүлж буй “Архигүй орчин” нэгдсэн арга хэмжээг иргэдийг мэдээлэлжүүлэх, тэдэнд зөвлөгөө, санамж өгөх, нөлөөллийн ажлыг чухалчлан явуулж байгаа юм. Тухайлбал COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед аймгийн хэмжээнд баар, зоогийн газруудыг архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй болсонтой холбоотой аймгийн хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт огцом буурсан байна. Гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэргийн тоо буурчээ. Харин эсрэгээрээ ахуйн хүрээнд буюу гэртээ архидан согтуурсан, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ихэссэн байна.
-Тэгэхээр архидан согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл гаргадаг гэж
ойлгож болох уу? Ер нь ямар шалтгаанаас гэр бүлийн хүчирхийлэл үүсдэг юм бэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үүсэх суурь шалтгаан нь гэр бүлийн хамаарал бүхий
хүмүүсийн хоорондын харилцаа юм. Гэр бүлийн хүмүүс, эхнэр нөхөр, зарим
тохиолдолд ах дүү хамаатан садангууд харилцаагаа буюу маргаанаа эерэг аргаар
шийдэж чадаагүйгээс даамжирдаг. Улмаар үүнийгээ зохицуулж байгаа арга барил нь
нэгнийгээ зодох, хохирол учруулах зэрэг байдаг. Тэгэхээр архи, согтууруулах
ундаа хэрэглэж байгаа байдал нь, ядуурал, ажилгүйдэл зэрэг гэр бүлийн
хүчирхийлэл үйлдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйл болохоос биш, шалтгаан нь биш
юм.
-“Энэ өөрөөсөө болж зодууллаа”, “Хүчирхийлэл болох
нөхцөлийг өөрөө бүрдүүлсэн” гэх хохирогчийг буруутгах үзэл нийгэмд түгээмэл
байдаг?
-Тийм ээ. хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүсийн дийлэнх нь
“Манай эхнэр их муухай ааштай. Тэр муухай ааш нь намайг зодохоос өөр аргагүйд
хүргэдэг”. “Эхнэр араар тавьдаг”,
“Арчаагүй, залхуу” гэх зэрэг шалтгаануудыг ярьдаг. Тэглээ гээд ямар ч
шалтгаантай байсан эхнэртээ “гар хүрэх”, хүчирхийлэх нь хуулиар хориглосон
үйлдэл юм. Тиймээс иргэд та бүхнийг ахуйн хүрээний архидалтаас татгалзаж, хүний
эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт
өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас
уриалж байна. Улсын хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн дийлэнх
хувь нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдэгдэж байгаа нь харамсалтай
юм. Иргэд маань өнөөдөр, маргаашийн ирээдүйнхээ төлөө, үр хүүхдүүдийнхээ төлөө
“архи” гэх хорт зуршлаасаа салж гэртээ, байгууллагадаа, нийгэмдээ архигүй орчныг бүрдүүлж, хүчирхийлэлгүй, хайр дүүрэн гэр бүлийг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна.
-Танд баярлалаа.