Завханы малчид БНХАУ-д 2234 хонь хандивлахаа мэдэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-02 14:24:40

Завхан /МОНЦАМЭ/.Завханы малчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд зориулж 2234 халзан цагаан хонь хандивлахаар болсон тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тус шийдвэрийг гаргахаас өмнө Завхан аймгийн 24 сумын 116 багийн дарга малчдаасаа санал авснаар дээрх тооны хонийг хандивлахаар болжээ.

Хандивт бүх сумын малчид оролцсоноос Яруу сумын малчид 180 хонь, Цэцэн-Уул 150 хонь, Нөмрөг 140 хонь, Отгон сум 135 хонийг тус тус хандивлажээ. Ийнхүү Завханы малчдын саналаар цугларсан хандивыг баталгаажуулж аймгийн Засаг дарга Д.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгчид батламж хүргүүлээд байна.

Батламжид “Эрхэм Ерөнхийлөгч таны БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд Монголын ард түмний чин сэтгэлийн өргөл болгон 30000 хонь хандивласныг Завхан нутгийн ард иргэд баяртайгаар хүлээн авч дэмжиж байна. Бид малчин түмнээсээ асууж, малчдынхаа саналыг сонссоны үндсэн дээр мөнхийн хөрш БНХАУ-д 2234 толгой халзан цагаан хонь бэлгэлэхээр шийдвэрлэснээ ард иргэдийнхээ өмнөөс танд уламжилж байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” хэмээн Завхан аймгийн ИТХ-ын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан нарын гарын үсэг бүхий батламжийг хүргүүлжээ.

Ташрамд Завхан аймаг нь ард иргэдээ сонсдог, тэдний санал бодолд тулгуурлан төрийн үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалаараа ийнхүү улс даяар өрнөсөн хандивын үйл ажиллагааг зохион явууллаа хэмээн аймгийн ЗДТГ-аас тус тус дуулгав. 


Холбоотой мэдээ