Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын тухай 100 гэрэл зургийг дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-09 17:44:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголд болсон анхны Улс төрийн өлсгөлөн, Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурал, Сүхбаатарын талбай дахь 20 гаруй мянган хүн оролцсон цуглаан зэрэг Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын түүхээс дэлгэсэн  гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр  Монголын театрын музейд нээлтээ хийлээ.

"Цагаан морин жил-Ардчилсан хувьсгал-30" гэрэл зургийн үзэсгэлэнд гэрэл зурагчин, сэтгүүлч Т.Энхболдын хувийн архиваас дээжлэн 100 гэрэл зургийг тавьсан байна.


Т.Энхболд “Би тухайн үед “МОНЦАМЭ” агентлагийн англи, орос хэлнээ хэвлэгдэн гардаг байсан “Моngolia” сэтгүүлийн сурвалжлагчаар ажиллаж байлаа. Гэрэл зургаа авч, мэдээгээ бичнэ. Харамсалтай нь, тэр үед миний бичсэн мэдээ, гэрэл зургийг сэтгүүлд огт нийтэлдэггүй байсан. Бараг зургаан сарын дараагаас л миний анхны мэдээ зурагтайгаа сэтгүүлд нийтлэгдсэн. Миний бие цагаан морин жилийн ардчилсан хувьсгал 12 дугаар сард эхлэхэд гэрэл зураг авч эхэлсэн. Тэр үеэс би гэрэл зургийн архивтай болсон. Өнгөрсөн хугацаанд ардчилсан хувьсгалын олон үзэсгэлэнд оролцож, гэрэл зургаа дэлгэж байсан. Харин энэ удаа анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байна Миний гэрэл зургийн архив 1989 оны 12 дугаар сарын 10-нд хамгийн анхны ардчилсан хувьсгалын цуглааны дүр төрхийг харуулсан зургаас эхэлнэ. Анхны цуглааны үеэр жагсагчид сэтгэл зүйн хувьд их айдастай, дуугарч ядсан, яах бол гэсэн хүлээлттэй байсан. Цуглааны сүүл хэсэгт “Хонхны дуу” эгшиглэхэд л хүмүүсийн царайнд инээмсэглэл тодорч байлаа” гэж гэрэл зургийнхаа түүхээс сөхлөө.

Түүний хальсанд  300 гаруй гэрэл зураг байдаг аж.


Холбоотой мэдээ