Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт өгдөг газар нэн шаардлагатай

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-11-20 12:03:32

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Щвейцарын хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Нийгмийн эгэх хариуцлага” төслийн хүрээнд “Залуу нас- Гэрэлт ирээдүй” дэд төслийг аймгийн Эрүүл мэндийн газар, “Оновчтой хөгжил” ТББ хамтран хэрэгжүүллээ. 

Төслийн хэрэгжилт, үр дүнгийн талаар холбогдох албаныхан хэлэлцсэн бөгөөд БЗДХ-д өртөх эрсдэлтэй болон өндөр эрсдэлтэй бүлгийн судалгааг гаргасан нь төслийн хүрээнд хийсэн томоохон ажлын нэг байв. Аймгийн хэмжээнд эрсдэлт бүлгийн 22 мянган иргэн байгаагаас 13 мянган иргэнийг урьдчилсан үзлэг, оношилгоонд хамруулсан байна. Аймгийн хэмжээнд БЗХӨ өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 21.6 хувиар, заг хүйтэн 1.7 хувиар, трихоманиозын өвчлөл 3.3 хувиар тус тус нэмэгдсэн дүнтэй байгаа юм.

Төслийн үеэр нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт өгдөг газар нэн шаардлагатай байгааг олон хүн хэлж байсан учраас өсвөр үеийн хүүхдүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгдөг үйлчилгээний цэгийг ерөнхий боловсролын Мэргэд сургуульд байгуулж ажиллахаар боллоо.

Мөн хувийн хэвшлийн эмнэлгүүд болон эмийн сангуудад хяналт шалгалтыг хийсэн байна. Хяналтаар бэлгийн замын халдвар авсан иргэдийн дийлэнх нь хувийн хэвшлийн эмнэлэгт үзүүлдэг хэдий ч тоон үзүүлэлтийг аймгийн статистик тоон мэдээлэлд оруулдаггүй зөрчил илэрчээ. Үүнийг шийдвэрлэх зорилгоор хувийн эмнэлгийн удирдлагуудтай “Нүүр тулсан ярилцлага”-ыг зохион байгуулж, бэлгийн замын халдвар авсан иргэдийн тоон мэдээллийг аймгийн статистик мэдээлэлд оруулдаг байхаар шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ