“АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн марк худалдаанд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-15 12:56:18

ГХЯ, “Монгол шуудан” компанийн Маркийн газартай хамтран “АСЕМ-ын 20 жилийн ой” сэдэвт шуудангийн маркийг бүтээж, өнөөдрөөс албан ёсоор худалдаанд гаргалаа.

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын 11 дүгээр уулзалтын лого, Чингис хааны морьт хөшөө, Монгол Улсын төрийн ордон болон энх тайвны бэлэгдэл болох цагаан тагтааг дүрсэлсэн уг маркийн зураач, дизайнераар УГЗ Д.Эрдэмбилэг, зураачаар Ц.Цэнгэл, дизайнераар Ж.Ганхуяг ажилласан байна. Мөн маркийн хэлхээнд Ази, Европын газрын зураг, Монгол Улсын төрийн далбаа болон өмнөх 10 уулзалтыг зохион байгуулсан орнуудын төрийн далбаа, хотын нэрийг оруулжээ. “Монгол шуудан” компанийн 1008 дахь сэдэвт бүртгэгдэж буй уг маркийг 1300-1500 төгрөгөөр борлуулах бөгөөд нийт 20 мянган ширхэгийг хэвлэсэн байна.

Монгол Улс олон улсын байгууллагын томоохон чуулга, уулзалтад зориулан 78 сэдвийн 156 нэр төрлийн марк гүйлгээнд гаргаж байжээ. Хамгийн анх 1955 онд Финланд Улсад болсон “Дэлхийн чуулга уулзалт”-д зориулж, Социалист орнуудын төрийн далбаа бүхий зурагтай марк гаргаж байжээ. Түүнчлэн 2011 онд “Монгол Улс НҮБ-д элссэний 50 жил” сэдэвт маркийн нээлтийг НҮБ-ын төв байранд зохион байгуулж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболд нар оролцож байсан. Энэ нь Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулахад томоохон түхэц үзүүлж буйг “Монгол шуудан” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан маркийн нээлтийн үеэр онцлов.

Маркийн нээлтэд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, “Монгол шуудан” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, АСЕМ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны асуудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар нар оролцов.

Нээлтийн үеэр “Монгол шуудан” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Батсайхан “АСЕМ-ын 20 жилийн ой” маркийн дээжийг хүндэт зочдод гардуулж, зураач, дизайнераар УГЗ Д.Эрдэмбилэг гарын үсэг зурж, баталгаажуулав. Түүнчлэн уг маркийн анхны дугтуйд АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг гарын үсэг зурж, Монголын маркийн музейд хадгалахаар боллоо.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ