Үлийн цагаан оготнотой тэмцэхэд дэмжлэг үзүүлнэ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2019-10-07 10:46:17

Говь-Алтай /МОНЦАМЭ/ ХХААХҮЯ-наас Говь-Алтай аймгийн нийт нутгаар тархаад буй үлийн цагаан оготнын нүүдлийг сааруулах, түүнтэй тэмцэхэд төсвийн дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тодруулбал, тус аймгийн хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг шалгах ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг аравдугаар сарын 5-ны өдөр Говь-Алтай аймагт ажилласан. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж “Үлийн цагаан оготно 14 сумын 482400 га-д тархаад байна. Ялангуяа Есөнбулаг, Тайшир, Дэлгэр, Бигэр, Цээл, Цогт, Чандмань суманд гамшгийн хэмжээнд хүрч байна. Иймд үлийн цагаан оготнотой тэмцэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, газар нутгийн 70 орчим хувьд зуншлага муу, гантай байсан тул өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учир шаардлагатай арга хэмжээг авах, 2019 онд Цахирын услалтын системийн зураг төсвийг “Мөнгөн минж” ХХК-аар хийж гүйцэтгүүлсэн. Энэ услалтын системийг ашиглалтад оруулснаар 300-400 га тариалангийн талбайг шинээр ашиглах нөхцөл бүрдэх юм. Тус услалтын системийг барихад 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа тул санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх асуудлыг ХХААХҮ-ийн Дэд сайдад уламжлав. Үүний дагуу салбарын Дэд сайд ХХААХҮЯ-наас үлийн цагаан оготнын нүүдлийг сааруулах, тэмцэх шуурхай арга хэмжээ авах чиглэл өгч, төсвийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Түүнчлэн ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх, орон нутагт махны үйлдвэрийг хуулийн дагуу ажиллуулах, малыг журмын дагуу тээвэрлэх, сум орон нутгаас 1000 гулууз мах, дайвар бүтээгдэхүүн нийлүүлэн борлуулах, арьс ширийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулахыг үүрэг чиглэл болгов. Мөн мал сүргийг эрүүлжүүлэх чиглэлээр аравдугаар сарын 20-ноос өмнө вакцинжуулах, угаалга, туулга хийх, отор нүүдлийг бүс дотроо зохион байгуулахыг тус тус үүрэг болголоо.


Холбоотой мэдээ