Хогоо зөв ангилан ялгах журмын төсөлд иргэдээсээ санал авч байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2019-09-12 23:20:28

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журмын төслийг иргэддээ танилцуулан санал авч байна.

Тус журам нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлахтай холбоотой харилцааг зохицуулах зорилготой аж. Журмыг аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж байнга болон түр оршин суугч иргэн, харьяалалгүй бүх хүн дагаж мөрдөх юм байна.

Журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага сар бүрийн 25-ны өдөр сумын Засаг даргын хуваарилсан нийтийн эдэлбэр газрыг цэвэрлэнэ. Мөн айл өрх бүр хашаа, байрны орц, гадна орчноо тогтмол цэвэрлэнэ. Хог хаягдал үүсгэгч бүр гаргасан хог хаягдлаа ангилан зориулалтын саванд хийнэ. Өөрийн эзэмшил, өмчлөлийн газартаа зориулалтын ангилан ялгах хогийн сав байрлуулна. Аж ахуйн нэгж байгууллага бүр энгийн хог хаягдлыг ангилан ялгах, савлах, тээвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлнэ гэж заажээ.

Харин  айл өрхийн хог хаягдлыг сумын Засаг даргын баталсан графикийн дагуу аймгийн Хот тохижилт үйлчилгээний албанаас тогтмол хугацаанд цуглуулж, хог хаягдлын төвлөрсөн цэгт тээвэрлэн хог хаягдал сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах, булшлах үйл ажиллагааг явуулах юм байна. Мөн аж ахуйн нэгж, байгууллага хог хаягдлаа хог хаягдал цуглуулах, тээвэрлэх эрх бүхий иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан гэрээний дагуу тогтсон хугацаанд ачуулахаас гадна, мөн дуудлагаар тээвэрлүүлэх аж.

Журам батлагдсанаар дахин ашиглах хог хаягдлыг цуглуулах цэгийг орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн талбай, явган хүн, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй газарт байгуулахаар болжээ. Энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна. Ташрамд дуулгахад өнгөрсөн зуны баяр наадмаар Улиастайчууд хогоо ангилан ялгаж хаях зөв дадалд ТББ-ын тусламж, уриалгаар амжилттай суралцсан билээ.

 Эко Завхан аян хогоо зөв ангилан ялгах дадлаас эхэлнэ

Завхан аймаг хоёр жилийн өмнөөс Эко Завхан аяныг эхлүүлж тодорхой үр дүнд хүрчээ. Тухайлбал 2018 онд гэхэд тус аяны хүрээнд 9500 орчим иргэн нийтийн их цэвэрлэгээнд оролцжээ.

Хавар, намрын “Бүх нийтийн их цэвэрлэгээ”-нд нийт 2734,8 га талбайгаас 12091,6 тонн хог хаягдлыг 850 албан байгууллага, 9448 иргэдийн оролцоотойгоор цэвэрлэжээ. Энэ үеэр 270 гаруй техник хэрэгслээр хог хаягдлыг ачиж тээвэрлэн 12 орчим сая төгрөгийн санхүүжилтийг зарцуулсан дүнтэй байна.

Мөн нийтийн их цэвэрлэгээний үер 80 мянга гаруй малын сэг зэм устгаж, 1685 бүртгэлгүй буюу золбин нохойг устгаж, эзэнтэй нохойг бүртгэлжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулжээ. Аймгийн 17 сум долоо хоног бүрийн баасан гарагийг орчны их цэвэрлэгээний өдрөөр сонгож, цэвэрлэгээ хийж хэвшсэн байна. Харин зарим сум сар бүрийн сүүлийн амралтын өдрийг их цэвэрлэгээний өдөр болгож хоггүй, эрүүл орчны төлөө хүн бүр идэвхтэй ажилладаг болсон нь "Эко Завхан" аяны үр дүн юм. Тэгвэл энэхүү аянд оролцож сурсан, дадсан иргэдээ энэ жил хогоо хогийн саванд зөв ангилан ялгахыг энэ журмын дагуу олгох юм хэмээн аймгийн БОАЖГ-аас дуулгав.

Төвлөрсөн хогийн цэг ангилан ялгасан хогийг

хүлээн авна

Улиастай сум төвлөрсөн хогийн цэгийн 18 га талбайг тохижуулж, хогийг хагас ландфиллын аргаар булшлах ажлыг өнгөрсөн жил хийжээ.

Дээрх журам батлагдсанаар Улиастай сумын төвлөрсөн хогийн цэг дээр ангилан ялгасан хогийг зөвхөн хүлээн авах юм байна. Хог хаягдлыг цуглуулахдаа ангилан ялгасан хог хаягдал тус бүрээр цуглуулна. Дахин ашиглах хог хаягдлыг цуглуулахдаа заасан цэгээс нь очиж явуулын машинаар тээвэрлэх аж. Энгийн хог хаягдлыг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь хотын өнгө үзэмжид нийцсэн, цэвэрхэн, зориулалтын битүүмжлэлтэй, технологийн болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байна. Хэрэв задгай тэвштэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх бол хог хаягдал хийсэхгүй, асгахгүй байх нөхцөлийг хангасан байна хэмээн дээрх журамд тусгажээ.

Өнөөдрийн байдлаар Улиастай сумын төвлөрсөн хогийн цэгийн 4.7 га газрын өргөст торон хайс хамгаалалтыг сэргээн засварлан, технологийн сайжруулалт хийж, 1800 орчим метр газар хамгаалалтын далан, шуудууг татаж, төвлөрсөн хогийн цэг рүү хүрэх шороон замыг сайжруулаад байна. Түүнчлэн төвлөрсөн хогийн цэгийн талбай дотор аюултай хог хаягдлыг хадгалах 15 шоо метрийн багтаамжтай дөрвөн ширхэг хүнхээлийг байгуулсан. 200 литр хлорын шохойг ариутгалын зориулалтаар хүнхээл тус бүрд хийж ариутгасан хэмээн аймгийн Хот тохижилт үйлчилгээний албанаас нэмж дуулгалаа. 

Холбоотой мэдээ