“Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал үйл ажиллагааг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-02 20:53:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын БСШУСЯ, НЗДТГ, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газар, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хамтран “Хятад орныг танин мэдэхүй” соёлын цуврал үйл ажиллагааг есдүгээр сарын 2-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэхүү цуврал үйл ажиллагааг өнөөдөр Монголын уран зургийн галерейд нээлээ.

БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, уламжлалт найрсаг харилцааг ахиулах зорилготой уг үйл ажиллагааны нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дарга, дэд сайд Жян Жаньгуо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Суртал ухуулгын газрын дарга Бай Юйган, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин нар болон хоёр орны хүндэт зочид төлөөлөгч, иргэд олон нийт оролцов. 

Уран зургийн галерейд “БНХАУ-ын 70 жил”, “Манай найрамдал”, “Түмэн газрын цайны зам” гэрэл зургийн үзэсгэлэн, “Хятадын хатгамлын урлагийн бүтээлийн үзэсгэлэн”, “Монгол морины урлагийн бүтээлийн үзэсгэлэн” уран зургийн үзэсгэлэн гэсэн таван хэсгээс бүрдсэн нийт 150 гаруй үзмэр үзэгчдийн хүртээл болж эхэллээ.


Холбоотой мэдээ