Ханбаян зүрх хайрхан руу зам тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-07 10:31:54

Гуравдугаар сарын 31-нд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Дорноговь аймагт ажиллахад тус аймгийн удирдлагууд Ханбаянзүрх хайрхан руу хатуу хучилттай авто зам тавих хүсэлт гаргасныг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр болжээ.

Сайншанд-Хамарын хийд-Ханбаянзүрх хайрханы чиглэлийг аялал жуулчлалын бүс нутаг болгож хөгжүүлэх зорилгоор орон нутгаас ерөнхий төлөвлөлт хийж эрчим хүч татаж, цэвэр бохир усны систем суурилуулсан бөгөөд одоо суурьшлын бүсэд бүтээн байгуулалт хийхэд бэлэн болоод байгаа. Хэрэв хүслийн хайрхан руу  хатуу хучилттай авто зам баривал энэ бүс нутаг бүхэлдээ нийслэлтэй  хатуу хучилттай автао замаар холбогдох боломж бүрдэх юм.

Аялал жуулчлалын бүс нутаг болж хөгжих ирээдүйтэй Дорноговь аймаг жилдээ  100 мянга гаруй жуулчин хүлээж авдаг болсон. Тиймээс Хамарын хийдийн дөрвөн замын уулзвараас Хан Баянзүрх хайрхан хүртэлх 6.5 км хатуу хучилттай авто зам барих талаар Засгийн газрын  ээлжит хуралдаанаар хэлэлцэж зураг, төсвийг боловсруулж, шаардагдах хөрөнгийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг  Зам, тээврийн сайд М.Зоригт, Сангийн сайд Б.Болор нарт даалгасан байна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ