Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-25 11:44:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн мэдүүлсэн төслийн саналыг тусгах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын багийн төлөвлөгөөний дагуу Төрийн ордноо өнөөдөр “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. 


Хэлэлцүүлгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, Зөвшилцлийн ажлын багийн нарийн бичгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан тэргүүтэй албаныхан оролцов.



НИТХ-ын дарга, Засаг дарга нар болон 21 аймгаас 38, нийслэлийн 9 дүүргээс 16 оролцогч, түүнчлэн зарим сум, баг, хорооны төлөөллүүд, мөн улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл зэрэг 200 гаруй хүн оролцохоор хүсэлтээ ирүүлснээс хэлэлцүүлгийг нээлтэд 120 гаруй нь хүрэлцэн ирээд байгааг хэлэлцүүлгийг даргалагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа.



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, "УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн тодорхой зохицуулалт тусгагдсан байна. Тухайлбал, зарим Засаг даргаа сонгох эрхийг иргэдэд өгөх, хот байгуулах боломжийг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдол бүхий зохицуулалтууд тусгагджээ. Харин миний боловсруулсан төсөлд, нийслэлийг онцгойлон авч үзэх, доторх зохион байгуулалтыг нь тусгайлан хуульчлах, Монгол Улсын нутаг дэвсгэрийг засаг захиргааны хувьд хуваан үзэхдээ хотыг нэмэх саналтай байгаа юм. Түүнчлэн, аймаг, хот, нийслэл, сум, дүүргийн болон тосгоны эрх зүйн үндсийг тус бүрийнх нь онцлогт тохируулан тусгайлсан хуулиудаар тогтоохоор тусгалаа. Мөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг үндэслэн гаргасан Засгийн газрын саналаар УИХ шийдвэрлэдэг байх зэрэг нэгдмэл улсын зарчмыг бэхжүүлэх зохицуулалтыг санал болгоод байна. Эдгээр санал нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой хууль эрх зүйн ойлголт, амьдралд учирч буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, хаана оршин суугаагаасаа үл хамааран төрөөс тэгш үйлчилгээ авах нөхцөл боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход санал болгож буй дээрх санал нь нэг өдөр бодож олсон зүйл биш юм. Өнгөрсөн 27 жилийн алдаа оноог харгалзан үзсэн, сүүлийн 10 жилийн турш өрнөж буй иргэдийн санал, шүүмжлэлд үндэслэсэн бодлого юм" хэмээв. 



Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн төслийн танилцуулга, мөн Ардчилсан намын саналыг танилцуулж байна. Дараа нь төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид төсөл санаачлагчдаас асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийлэх юм.



УИХ-ын нэр бүхий 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьж, УИХ-аас төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг өнгөрсөн сард хийсэн. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж, энэ сарын 16-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Ерөнхийлөгчийн төслийг энэ сарын 18-нд УИХ-ын чуулганаар хэлэлцээд, Үндсэн хуульд оруулах журмын тухай хуулийн дагуу давхар хэлэлцүүлэх боломжгүй гэж үзсэн. Тиймээс эл хуулийн төслийг одоо хэлэлцэж буй УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй нэгтгэж, санал боловсруулах үүрэг бүхий Зөвшилцлийн ажлын баг байгуулж, Ерөнхийлөгч даргалахаар болсон юм. Тус зөвшилцлийн ажлын баг энэ сарын 19-нд хуралдаж, ажлын төлөвлөгөөгөө боловсруулахдаа, энэ долоо хоногт таван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр болсон юм. 


УИХ-ын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан тус ажлын багаас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар энэ сарын 22-24-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, Шүүхийн эрх мэдлийг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой асуудлуудаар тус тус хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ