Модлог ургамлын цуглуулга бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-08 16:39:27

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт 3.5 га талбайд хашаа татаж, модлог ургамлын цуглуулга бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгож байна. 

БОАЖЯ-ны санаачилгаар “Ногоон паспорт” аян хэрэгжиж байна. Энэхүү аяны хүрээнд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, иргэдийн амьдрах таатай орчныг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Үүний дагуу Ховд аймагт “Ногоон паспорт-Ногоон төгөл”  модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгт  хүрээлэн  байгуулж, нээлтээ хийлээ.

Нээлтэд БОАЖЯ болон аймгийн удирдах ажилтан, холбогдох мэргэжилтнүүд, Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн эко клубийн багш, сурагчид оролцов. Тэд байгаль орчноо хамгаалж, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцож, одоогийн байдлаар тэхийн шээг, үхрийн нүд, шинэс, агч зэрэг 7 төрлийн 500 гаруй мод тарив.

Тус цэцэрлэгт хүрээлэнд БОАЖЯ-ны 37 сая төгрөгийн санхүүжилтээр 10-18 зүйлийн модлог ургамлын 2000 орчим суулгацыг тарьж, хашаа хамгаалалт, саравч, сандал, иж бүрэн услалтын системийн хамт бичил ойн зурвас бий болгохыг зорьж байгаагийн нэгээхэн хэсэг нь энэ юм.

Энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн ойн зурвасыг байгуулахдаа улирал харгалзахгүй ургадаг, далд үндэсний системтэй суулгац буюу бортоготой суулгац хэрэглэж байгаагаараа онцлогтой. Мөн цэцэрлэгт хүрээлэнгийн ойн зурвасын арчлалт, хамгаалалт, услалтыг хариуцах  үүрэг бүхий  нэг иргэнийг ажлын байраар хангах юм.

Энэхүү бичил цэцэрлэгт хүрээлэн нь орон нутаг дахь суурин газрын оршин суугчдын эрүүл, таатай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй ба цаашид иргэд сайн дураараа мод тарьж, талбайн хэмжээ, модлог ургамлын төрөл зүйлийг  өргөжүүлэн  хөгжүүлэх боломжтой.

Мөн хүүхэд багачуудад ой модны төрөл зүйл, мод тарих аргачлалыг танин мэдүүлж, улмаар ойн мэргэжлийг сонирхон судлах боломжийг бүрдүүлж байгаагаараа чухал ач  холбогдолтой юм.





 

Холбоотой мэдээ