Хамтын ажиллагааны бэлгэдэл болгож цэцэрлэгт хүрээлэн байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-21 17:02:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Ханнарэ” ТББ-аас найрамдалт харилцааныхаа бэлгэдэл болгож Арвайхээр хотод цэцэрлэгт хүрээлэн байгууллаа.

Арвайхээр сумын 3, 7 дугаар багийн нутаг, Дэлгэрэх гол дагуу нарс, улиас, монос зэрэг 3000 гаруй мод тарьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан бөгөөд "Хунбобса" хэмээн нэрийдсэн юм. Тус бүтээн байгуулалтын нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Г.Ганболд “Арвайхээрт байгуулж буй энэхүү цэцэрлэгт хүрээлэн маань цаашид хоёр тал ногоон байгууламжийг хөгжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллах эхлэлийг тавьсан сайхан ажил болж байгаад баяртай байна” хэмээв.

“Ханнарэ” ТББ нь Өвөрхангай аймагтай 2010 оноос хойш хамтран ажиллаж, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн чиглэлээр тодорхой ажлуудыг хийсээр ирсэн билээ. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр “Алтан хонх” тэмцээнийг зохион байгуулж, түрүүлсэн хүүхдийг БНСУ-д аялах эрхийн бичгээр шагнадаг уламжлалтай. Мөн амьжиргааны баталгаажих түвшин доогуур айл өрхүүдэд гэр, хувцас хунар өгөх зэргээр хүмүүнлэгийн үйл ажиллагааг явуулсаар иржээ.

Холбоотой мэдээ