Өсвөр үеийнхэн сэтгэцийн эмгэгээр өвдөх нь нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-05-20 14:27:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, АШУҮИС, Сэтгэл судлаач оюутны нийгэмлэг, хүнсний манлай үйлдвэр “Өгөөж чихэр, боов” ХХК, “Гялс” анагаах ухааны төвтэй хамтран “ЭГО-2019” эрдэм шинжилгээний бага хурлыг нийслэлийн Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа.


Тус хурал нь сэтгэл судлал болон сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр суралцаж буй оюутан залуучуудын шинжлэх ухаанч чадварыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих, нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх зөв ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хорт зуршил, амиа хорлолт, дэлгэцийн донтолт, стресс зэрэг нийгэмд тулгамдсан асуудлыг судалдаг судлаачдыг нэмэгдүүлэх зорилготой.

Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул “Нийгэм гэдэг хүмүүсийн хоорондын харилцаа байдаг болохоор иргэдийн уур бухимдал, стресс, сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг өргөн хүрээнд тал бүрээс нь ярилцаж байж бодит шийдэл гаргана. Эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлүүдтэй танилцахад маш өргөн цар хүрээтэй судалгааны ажлууд байна. Судлаач оюутнууд та бүхэн цаашид ажлаа өргөжүүлэн хүүхэд, гэр бүл, залуучуудад чиглэсэн судалгаа шинжилгээний ажилд хувь нэмрээ оруулж, бодлогын түвшинд нөлөөлөхүйц судалгааны бүтээл гаргана гэдэгт итгэлтэй байна” гэв.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд өрхийн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн 60 хувь нь сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай байсан бөгөөд бие махбодын өвчний 85.7 хувь нь сэтгэцээсээ болж өвдсөн байдаг гэсэн дүгнэлт гарчээ.

Мөн “Сэтгэцийн эрүүл мэнд” үндэсний хоёр дахь хөтөлбөрийн “Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж”-д хийсэн хөндлөнгийн үнэлгээний тайланд Монгол Улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10.000 хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ. Насны бүтцийн хувьд, 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байгаа талаар дурдсан байна.

Тиймээс цаашид гэр бүл, хүүхэд, залуучуудын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг онцгой анхаарах шаардлага тулгарч байгаа тул мэргэжлийн байгууллагуудтай илүү нягт хамтран ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ