Тарагт сум шинэ Соёлын төвтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-17 09:40:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Тарагт суманд 250 хүний суудал бүхий шинэ Соёлын төв ашиглалтад орж, зуны эхэн сарын шинийн 8-ны билигт сайн өдөр нээлтээ хийлээ.

Тус барилгын ажлыг “Вентана” ХХК улсын төсвийн нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж, товлосон хугацаандаа хүлээлгэн өгч байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон аймаг, сумын удирлагууд, нутгийн зөвлөлийн гишүүд оролцлоо.

2019 онд тус суманд хоёр томоохон бүтээн байгуулалт ашиглалтад орж байгаагийн нэг нь энэхүү Соёлын төв бол өнгөрөгч 3 дугаар сард улсын төсвийн 20 гаруй сая төгрөгөөр сургуулийн дотуур байрыг барьж ашиглалтад оруулсан. Мөн энэ жил сумын ЗДТГ-ын барилга, Спорт заалын барилгыг шинээр барьж эхлэх ба “Тарагт суманд сүүлийн 20-иод жилд том бүтээн байгуулалт өрнөөгүй” гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хэлж байв. Сумын Нутгийн зөвлөлөөс Соёлын төв дэх Номын сангийн ширээ сандал, ном хэрэглэгдэхүүнийг хандивлаж, 2000 гаруй номоор бэлэг барьсан байна.

Хуучин Соёлын төвийн чулуун барилгыг 1964 онд малчдын хөдөлмөрөөр барьж, 50 гаруй жил үйл ажиллагаа явуулжээ.

 

 

Холбоотой мэдээ