Гэр бүлийн өдрөөр 10 өрх өргөө цагаан гэртэй боллоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-05-17 15:00:49

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дэлхийн гэр бүлийн өдөр тохиож байгаатай холбогдуулан эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа захын гэр хорооллын 10 өрхөд Дэлхийн Зөн Дархан "Хүүхдийн төлөөх орон нутаг" төслийн санхүүжилтээр 5 ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ. 

Энэхүү ажил нь Дархан-Уул аймаг 2019 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгосонтой холбогдуулан хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хийж буй юм.

Энэ өдөр Дархан сумын 1, 2, 3, 5, 6, 7,15, Малчин багийн зорилтот бүлгийн өрхүүд хамрагдсан аж. Гэр олгох үйл ажиллагааг энэ сарын 24-ний өдөр дахин үргэлжлэн явуулах бөгөөд нэмж 6 өрхийг гэртэй болгохоор судалгаа хийж байгаа ажээ.

Өнгөрсөн хугацаанд 12 өрхөд гэр олгосон бөгөөд энэхүү ажлын үргэлжлэл энэ юм. Гэр бүлийн цаана хүүхдийн хөгжил хамгаалал, тухайн өрхийн эдийн засгийн асуудал яригдаж байгаа бөгөөд эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхүүд гэртэй болсноор хүүхдүүд нь тав тухтай орчинд хөгжих боломжтой болж, эцэг эхчүүд нь эдийн засгаа нэмэгдүүлэх давуу талтай болно гэж аймгийн ХГБЗХГ-ын дарга О.Амгалан энэ үеэр онцолсон.

Аймгийн Засаг даргын тамгын газар Дэлхийн зөн Дархан “Хүүхдийн төлөөх орон нутаг” хөтөлбөрийн хамтын ажиллагааны хүрээнд 2019 онд нийтдээ 50 өрхөд 5 ханатай иж бүрэн гэр олгохоор төлөвлөн ажиллаж байна.

Холбоотой мэдээ