Төвийн бүсийн аялал жуулчлалын хоёрдугаар форум болно

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-05-09 12:11:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Бууж саатах-Бурхантын хөндий” аялал жуулчлалын хоёрдугаар форум энэ сарын 24-26-ны өдөр Хонгор сумын нутагт байрлах Гүнж цогцолборт болно.

Тус форум нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран ажиллах, аялал жуулчлалын зорин ирэх бүс нутаг болгох жуулчдын тоог нэмэгдүүлэх, шинэ туршлагыг нэвтрүүлэх, олон улсад бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, орон нутгийн нөөц боломжоо ашиглан нутгийн иргэдэд тулгуурласан тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймгийн зочлох үйлчилгээний байгууллагуудын чанар, хүчин чадлыг сайжруулах, аялал жуулчлалын томоохон цогцолборуудыг байгуулах, сургалт явуулах зорилготой ажээ.

Өнгөрсөн жил зохион байгуулсан анхдугаар форумд БОАЖЯ, ЗТХЯ, ҮХГ-ын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын 150 зочид төлөөлөгчид урилгаар оролцож аймгийнхаа аялал жуулчлал, хөгжлийн гарцын талаар хамтдаа ярилцсан.

Дархан-Уул аймгийн тухайд газар нутгийн хэмжээ бага ч түүхэн дурсгалт газрууд, байгалийн сонин тогтоц зэрэг жуулчдад зориулсан олон газар бий.

Энэ бүгдийг түшиглэн анхдугаар форумаас хойш Морин аялал бий болсон.Тодорхой маршрутын дагуу байгалийн үзэсгэлэнд амрахаас гадна түүхийн дурсгалт газраар явах, тэмцээн уралдаан зохион байгуулах, монгол зан заншлыг сэргээх зэрэгт түлхүү анхаарлаа хандуулдаг аж.

Холбоотой мэдээ