Хонгор сумынхан түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэнэ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2019-05-07 17:05:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Энэ онд Дархан-Уул аймгийн Хонгор сум буюу  Дархан сангийн аж ахуй үүсч хөгжсөний түүхт 60 жил, Монгол Улсад атар газар эзэмшсэний 60 жилийн ой тохиож байна. Түүхэн хоёр ой давхацсан энэ жилийг Хонгорчууд өргөн дэлгэр тэмдэглэхээр болсон аж.

Тус ойн арга хэмжээг 2019 оны 7 дугаар сарын 26-28-ны өдөр тэмдэглэхээр тов тогтжээ. Тэд их ойгоо угтан сумын төвийг тохижуулж, Мухар, Зулзагын голын гүүр, Салхит багийн авто замын их засварлах, 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг барих зэрэг нийт гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Түүнчлэн “Атар-60 жил” хандивын аяныг сумын газар тариалан, мал аж ахуй эрхлэгч иргэдийнхээ санаачилга дор зохион байгуулж байгаа аж.

Анхны атарчдыг алдаршуулах, залуу хойч үедээ таниулах хамтын уялдаа холбоог сайжруулахаар ой угтсан соёл, спортын үйл ажиллагаагаа гар бөмбөгийн тэмцээнээр эхлүүлсэн байна.

Тэмцээнд 25 багийн 200 гаруй тамирчин оролцжээ. Спортын тэмцээнээс гадна сар бүр урлагийн тоглолт зохион байгуулж байгаа юм байна. Мөн “Атар - 60 жил” баримтат кино, ном сэтгүүлийг бэлтгэж эхэлжээ.

Хонгор сумын тухайд 5,6 дугаар сар их бүтээн байгуулалтын сар болж өнгөрнө гэж сумын Засаг дарга Д.Атархишиг онцлов.

Дашрамд, 1959 онд атрын анхны дөрвөн сангийн аж ахуйн нэгээр байгуулж байсан Дархан сангийн аж ахуй буюу Хонгор сум нь эдүгээ 6000 гаруй хүн амтай, 32000 м2 эргэлтийн талбайтай болжээ.

Тус сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 5, Монгол Улсын гавьяат механикжуулагч 3, Монгол Улсын аварга тариаланч 33, Монгол Улсын аварга тариаланч 33, Монгол Улсын аварга малчин 11, аймгийн аварга малчин 14, сумын аварга малчин 48, 300 гаруй төрийн дээд шагналтан төрөн гарсан байна.

Холбоотой мэдээ