Хүүхдүүд “Буянт гол”-оо хамгаална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-06 20:26:54

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд орших Буянт голын хөвөөнд 1500 өрх, 5000 орчим хүүхэд  зусланд гардаг гэсэн судалгаа бий.

Айл өрхүүд зусландаа гарах цаг мөч өдөр өдрөөр наашилсаар байгаатай холбогдуулан Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэгтэйгээр Ховд аймгийн “Хүүхдийн нэгдсэн зөвлөл”-өөс Буянт голын сав газрыг хамгаалахад тодорхой хувь нэмэр оруулах хэд хэдэн ажлыг төлөвлөөд байна.  

Энэ ажилд зусланд гардаг айл өрхийн хүүхдүүдийг оролцуулахаар болж, “Зуслангийн найзууд хэн бэ?” судалгааны ажил хийж байгаа юм. Мөн "Буянт голын хүүхдүүд" цахим хаяг нээжээ. Удахгүй сургууль бүр дээр танилцуулга хийж зусланд гардаг хүүхдүүдийг бүртгэх юм.  

Сүүлийн жилүүдэд аялал зугаалга, амралтаар явж байгаа иргэд болон зусланд гарсан айлууд хог хаягдлаа голын дагуу хаяж усыг бохирдуулж байна. Түүнчлэн зусланд гарсан айлуудын жорлон, бохирын цооног хамгаалалтын бүсэд байгаа нь газрын доорх усаар дамжин голын усыг бохирдуулах нөхцөл үүсэж байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ. Тиймээс Ховд аймгийн төв буюу Жаргалант суманд амьдарч буй хүүхдүүд хамтран “Буянт гол”-оо хамгаалахаар шийдвэрлэжээ. 

Ховд аймгийн “Хүүхдийн нэгдсэн зөвлөл”-ийн хувьд 15 гишүүнтэй бөгөөд зуслангийн хүүхдүүдтэй хамтран гурван сарын хугацаанд Буянт гол дагуу зусаж байгаа айл өрхийн орчны бохирдолтын байдал, хогийн цэг, жорлон зэрэгт хяналт тавьж, байгаль орчны салбарын холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг мөрдөхийг уриалж ажиллах юм. Мөн Буянт голын усанд автомашин, хувцас, хивс угаах зэрэг байгаль орчны эсрэг, сөрөг үйлдэл хийсэн хүн бүрийн зургийг авч баримтжуулан холбогдох газруудад хүргэж, эргэн хариуцлага тооцох байдлаар ажиллахаар болжээ.

Буянт голоо хайрлан хамгаалах чин хүсэлтэй, зураг авч баримтжуулах ухаалаг утас, зургийн аппараттай, тунгалаг Буянтаар овоглосон хүүхэд бүрийн оролцоо энэ ажилд чухал гэж зохион байгуулагчид хэллээ.

Холбоотой мэдээ