Олон улсын музейн өдөр энэ сарын 18-нд тохионо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-05-07 10:12:11

Төв /МОНЦАМЭ/. Олон улсын музейн өдрийг “Музей-нийгмийн соёлын төв: Уламжлалаа ирээдуйд" уриатайгаар энэ онд тэмдэглэхээр зөвлөмжийг орон даяар хүргүүлсэн байна.

Монгол Улс Олон улсын музейн өдрийг 1998 онд анх тэмдэглэжээ. Олон улсын музейн зөвлөл /ОУМЗ/-ийг Монголын Үндэсний хороо 2003 онд байгуулсанаар энэ өдрийг албан ёсоор 16 дахь жилдээ тэмдэглэж байгаа аж. 

ОУМЗ жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейн өдөр” болгон дэлхий дахинаа тэмдэглэж иржээ. 

Тус үйл ажиллагааны зорилго нь соёлоор харилцах, соёлыг улам хүртээмжтэй болгох, дэлхий дахины хүмүүсийг харилцан ойлголцож, тайван амгалан хамтаараа аж төрөхөд музейн үүрэг ач холбогдлыг чухалчлахад оршино гэжээ. 

Дэлхийн музейнүүд энэ өдрийг угтаж тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулдаг байна.

Төв аймгийн музей энэ өдрийг угтаж, 2019 оны 4 дүгээр сарын 15-наас 6 дугаар сар хүртэл тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна.

Энэ ажлынхаа хүрээнд Төв аймгийн Сэргэлэн сумаас гаралтай Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын мэндэлсэний 100 жилийн ойг тохиолдуулан тэдний алдрыг мөнхжүүлэн “Алдартны танхим”-ыг  шинээр байгуулж, гэрэл зургийн цомог болон бүтээлээр үзэсгэлэн гаргажээ.

Музейн сан хөмрөг, Монголын зоос судлалын холбооны гишүүдийн цуглуулгад түшиглэн “Гүйлгээний зоос, мөнгөн  тэмдэгт”  сэдэвт үзэсгэлэнг 5 дугаар сарын 1-нээс 8 дугаар сарын 15-ны хооронд  зохион байгуулах аж.

Мөн Зуунмод сумын ЕБС-уудын 10-11 ангийн сурагчдын дунд “Соёлын өв бидний бахархал” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгуулж,  сурагчдаас  гаргасан шинэ санаачилгыг дэмжиж ажиллахаар төлөвлөжээ.

Соёлын өвийн чиглэлээр судалгаа хийдэг судлаачийг оролцуулан, ЕБС-ийн түүх, нийгмийн ухааны багш, зарим сумын соёлын төвийн ажилтнуудад зориулсан уулзалт, ярилцлага зохион байгуулна. 

Зуунмод суман дахь Сэнт фоул (зорилтот бүлгийн сурагчид хамрагддаг) бага сургуулийн сурагчдыг оролцуулсан аялал зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн Төв аймгийн музейн арга зүйч  С.Сувдаа мэдээллээ.

2018 онд 152 орны 40000 музей Олон улсын музейн өдрийн арга хэмжээнд оролцжээ.

ОУМЗ нь Парист төвтэй бөгөөд ОУМ өдрийг тэмдэглэн тодорхой үйл ажиллагаа явуулсан улс орон бүрийн тайланг ОУМ өдрийн мэдээнд оруулдаг гэнэ. ОУМЗ-ийн Монголын Үндэсний хороогоор дамжуулан манай улсын музейнууд энэ өдөрт зориулж хийсэн арга хэмжээний тайлангаа илгээдэг байна.  

Том, жижиг улс болон орон нутгийн, урлаг, шинжлэх ухааны ямар ч байгууллага 5 дугаар сарын 18-нд ОУМ өдрийг тэмдэглэх “Ирээдүй ба уламжлал” нэгдсэн арга хэмжээнд дэлхийн бүх музейг оролцохыг ОУМЗ-өөс  уриалжээ. 

ОУМЗ-ийг 1946 онд байгуулжээ. Тус байгууллага нь ЮНЕСКО-той албан ёсны холбоотой ажилладаг байна. Мөн НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөлийн зөвлөлдөх статустай бөгөөд музей, музейн мэргэжилтнүүдийг дэлхийн түвшинд төлөөлөх Засгийн газрын бус, олон улсын байгууллага аж

ОУМЗ 1977 онд нийгмийн хөгжил дэх музейн гүйцэтгэх үүргийг олон нийтэд ойлгуулах зорилгоор Музейн өдрийг анх зохион байгуулсанаар Олон улсын хэмжээний өргөн хүрээтэй арга хэмжээ болж чаджээ.
Музейн өдрөөр сурталчилгаа ба үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, музейн арга хэмжээнд олон нийтийг өргөн оролцуулах замаар нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийг хандуулахыг зорьдог байна.
Музейн өдрөөр дэлхийн олон зуун музей нийтийг хамарсан сонирхолтой, нийгмийн үр нөлөө бүхий, шинэлэг үйл ажиллагаа явуулдаг байна. Музейн өдрийг зохион байгуулах нь нийгэмд гүйцэтгэх музейн үүрэг ба тогтвортой хөгжлийн талаар тунгаан хэлэлцэхэд чухал ач холбогдолтой хэмээн үздэг байна

Холбоотой мэдээ