Зүүн бүсийн сумдын Спортын наадам Зэрэг суманд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-23 14:10:49

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сумын ИТХ, ЗДТГ хамтран Зүүн бүсийн сумдын Спортын наадмыг энэ сарын 20-21-ний өдөр зохион байгууллаа.

Сумын залуучууд, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилготой тус наадмыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог юм.

Зүүн бүсийн сумдын Спортын наадамд Зэрэг, Цэцэг, Дарви, Чандмань, Дөргөн сумаас 160 гаруй  тамирчин оролцсон бөгөөд гар бөмбөг, сагсан бөмбөг, үндэсний бөхийн барилдаан, шатар гэсэн спортын 4 төрлөөр авьяас, ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

“Сагсан бөмбөг”-ийн эрэгтэй төрөлд тэргүүн байрт Зэрэг сумын баг, дэд байрт Дөргөн сумын баг, гуравдугаар байрт Цэцэг сумын баг шалгарлаа. Мөн эмэгтэй төрөлд тэргүүн байрт Цэцэг сумын баг, дэд байрт Дарви сумын баг, гуравдугаар байрт Чандмань сумын баг тус тус шалгарсан юм.

“Гар бөмбөг”-ийн эрэгтэй төрөлд тэргүүн байрт Дөргөн сумын баг, дэд байрт Дарви сумын баг, гуравдугаар байрт Цэцэг сумын баг шалгарлаа. Мөн эмэгтэй төрөлд Зэрэг сумын баг, дэд байрт Цэцэг сумын баг, гуравдугаар байрт Дарви сумын баг шалгарав.

“Үндэсний бөхийн барилдаан”-д аймаг, сумын цолтой 30 бөх барилдсанаас Зэрэг сумын харьяат аймгийн начин Ш.Баянжаргал түрүүлж, Зэрэг сумын харьяат сумын заан Э.Балжинням үзүүрлэсэн бөгөөд Дарви сумын харьяат сумын заан М.Гончигсүрэн шөвгөрлөө.

“Шатар”-ын төрөлд: тэргүүн байрт Зэрэг сумын иргэн А.Мөнхзориг, дэд байрт Чандмань сумын иргэн Б.Галбадрах шалгарсан юм.

Ийнхүү багийн нийлбэр дүнгээр тэргүүн байрт Зэрэг сум шалгарч,  цом, өргөмжлөл гардан авлаа. Мөн дэд байрт Цэцэг сум, гуравдугааар байрт Дарви сум шалгарав.

Зүүн бүсийн сумдын Спортын наадмын Сагсан бөмбөгийн төрөлд “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Дөргөн сумын тамирчин Б.Даваажав, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Цэцэг сумын тамирчин н.Алтанцэцэг, Гар бөмбөгийн төрөлд “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Дарви сумын тамирчин А.Жамъянноров, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Зэрэг сумын тамирчин Б.Эрдэнэзаяа нар тодорлоо.   

Зүүн бүсийн сумдын спортын наадмын шилдэг баг, тамирчдын шагналыг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон зүүн бүсийн 5 сумын удирдлагууд гардуулан өгч, нийт  баг тамирчдад спортын өндөр амжилт хүслээ.

Спортын наадмын шүүгчээр Ховд аймгийн БТСГ болон Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 10 орчим шүүгч ажиллав.
Энэхүү спортын наадмыг зүүн бүсийн 5 сумын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна гэж зохион байгуулагчид онцоллоо. Мөн спортыг хөгжүүлэх замаар залуучууд, иргэдийн эв нэгдлийг хангаж, харилцан туршлага судлах боломжийг бүрдүүлснээрээ чухал ач холбогдолтой гэв.     





Холбоотой мэдээ