Цэцэрлэгийн насны хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-04-08 20:37:35

Ховд /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Босоо заяатай Монгол” үндэсний бөхийн барилдаан энэ сарын 10-ны өдөр Спортын төв ордонд болно.

Энэ жил тэмцээнийг “Аваргууд”, “Авьяас” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байгаагаараа онцлог юм.

Монгол үндэсний бөхийн дэг жаяг, арга техникийг бага насны хүүхдүүдэд танин мэдүүлэх, сурталчлах, Ховд нутгаас төрөн гарсан улс, аймгийн цолтой бөхчүүдийн ирээдүйн залгамж халааг бэлтгэх, бөхийн барилдаанд дур сонирхолтой хүүхдүүдийг дэмжих, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдартай, тэсвэр хатуужилтай иргэн болгон төлөвшүүлэхэд тэмцээний зорилго чиглэж байна.

Тэмцээний зохион байгуулагчаар Жаргалант сумын нэгдүгээр цэцэрлэг, аймгийн БСУГБТСГ, Үндэсний бөхийн холбоо хамтран ажиллаж байна.

Тус тэмцээний бүртгэл өнөөдөр эхэлж, Ховд аймгийн 17 сумын 32 цэцэрлэгийн ахлах бүлгийн 160 орчим хүүхэд оролцохоор болжээ.

Тэмцээний үеэр мэргэжлийн засуул, цоллооч, тайлбарлагч, эмч нар ажиллах ба Бөхийн цол дуудах тэмцээн зохион байгуулж, “Шилдэг цоллооч хүүхэд”-ийг тодруулна гэж зохион байгуулагчид мэдээллээ.



Холбоотой мэдээ