М.П.Сингх: Монголтой Энэтхэгийн Ладак онцгой холбоотой

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-03-23 12:52:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн ЭСЯ Умард Энэтхэг дэх Ладакын соёлыг сурталчлах баярыг лхагва гарагт Блю скай зочид буудалд зохион байгууллаа.

Энэхүү баярыг Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингх, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажав нар гэрэлт зул өргөж, хүндэтгэлтэйгээр  эхлүүлэв.



Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  М.П.Сингх нээж үг хэлэв.



Тэрбээр хэлэхдээ, “Энэтхэгийн соёл иргэншлийн өв манай оюун санааны хөрш болох Монгол Улстай буддын шашнаар дамжин нягт холбогддогийг та бүгд мэдэх билээ. Манай хоёр орны түүхэн болон соёлын харилцаа өнө эртний бөгөөд бид зүрх сэтгэлээрээ холбоотой. Ладак бүс нутгийн тухай энэхүү ёслол нь бидний эв найрамдал, соёлын харилцааг улам бүр бэхжүүлж, сурталчилж, хадгалан авч үлдэх зорилготой юм. Энэтхэгийн Ладак Монголтой онцгой холбоотой. Учир нь, орчин цагийн Ладакыг бүтээгч гэдгээрээ алдаршсан 19 дэх Бакула Ринбүчи Монголд элчин сайдаар ажилласан бөгөөд дэлхийн энэ өнцөгт буддын шашныг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм” хэмээн тодотгов.


Ладак нь дэлхийн хүн ам хамгийн ихээр суурьшсан өндөрлөг газар бөгөөд далайн түвшнээс дунджаар 3600 метрийн өндөрт Гималайн салбар уулсын баруун захад оршдог. Жилийн дундаж температур нь цельсийн 28 хэм бөгөөд хамгийн хүйтэн үедээ -15 хэм гэж бүртгэгджээ. Ладакыг өөрөөр Мариул буюу “Улаан газар” хэмээн нэрлэдэг байна.

Ладак нь Жамму, Кашмир мужийн зүүн хэсгийг бүхэлд нь эзлэн, сарны төрх байдалтай, 117000 хавтгай дөрвөлжин газар нутгийг хамардаг. Хүн амын ихэнх нь Төвөдийн буддизм, хинду, лал, христийн шашин шүтдэг байна. Тус муж нь аялал жуулчлал, газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг эдийн засгийн нэг хөшүүрэг төв аж.

Тэдний хэл нь ладак юм. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр ладак хэлээр ярьдаг 100 мянган иргэн байдаг бөгөөд үүний 12 мянга орчим нь Төвөдөд амьдардаг байна. Төвөд үсгийг ашиглан ладакаар бичдэг. Жуулчид хамгийн их очдог газар нь  Лэх ордон, Шанти суварга, Пангонг мөрөн, Соронзон толгодууд, хийдүүд, Занскар хөндий, Суру хөндий аж.


Ёслолын үеэр, “Ганга мөрний уянга” Энэтхэг бүжгийн улсын уралдааны шагналт сурагчид уран бүтээлээ толилуулсан юм.

Холбоотой мэдээ