“Ховд Айтыс-2019” олон улсын наадамд 30 гаруй яруу найрагч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-18 17:15:54

Ховд /МОНЦАМЭ/. Казах түмний Хаврын баяр - Наурызын өдрийг тохиолдуулан аймгийн Засаг даргын ивээл дор харилцаа дууны “Ховд Айтыс-2019” олон улсын наадмыг өнөөдөр Хөгжимт драмын театрт зохион байгуулж байна.

Тус наадмын зорилго нь казах үндэстний биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлж, соёл, зан заншлыг сурталчлан, өвлүүлэн үлдээхэд чиглэж байна.

Наадамд Казахстан Улсын Павлодар, Караганда, Дорнын Казахстан мужийн болон Баян-Өлгий, Ховд аймгийн 30 гаруй яруу найрагч (ахын) оролцож байгаа юм.

Айтыс буюу казах ардын уламжлалт цэц булаалдааныг 3 үе шаттайгаар явуулах бөгөөд оролцогчид тухайн цаг мөчид дуугаа зохион дуулж,  хэл ярианы баялаг, дууны агуулга, дуулах ур чадвараараа өрсөлддөгөөрөө бусад төрлийн харилцаа дууны уралдаанаас ялгаатай гэнэ. 

Тус  наадмыг зохион байгуулснаар казахын ард түмний эх хэлний нэгдмэл байдлыг баталгаажуулах, ардын уламжлалт цэц булаалдаанаар дамжуулан ард иргэдийн нэгнээ хүндэтгэх уламжлалыг залуу хойч үеийнхэнд таниулах чухал ач холбогдолтой гэж зохион байгуулагчид хэллээ. 

“Ховд Айтыс-2019” олон улсын наадам нь Ховд аймагт 3 дахь удаагаа болж байна.    

Холбоотой мэдээ