“Хунт нуур” бүжгэн жүжгийг өнөөдөр тайзнаа бүжнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-03-02 16:36:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын уран бүтээлчид хүн бүрийн сэтгэлд нууцлаг, эрхэмсэг сэтгэлийг төрүүлж, хайр сэтгэлийн хүчээр хар шидийг ч буцааж чадах гоо үзэсгэлэнт хунгуудын домог болох Оросын алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковский "Хунт нуур" бүжгэн жүжгийг өнөөдөр тайзнаа бүжнэ.

Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт  энэхүү бүжгэн жүжиг нь хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн балетын анхны бүтээл бөгөөд 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт тоглож байжээ. Харин манай улсын тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож эхэлсэн түүхтэй. Мөн дэлхийн хамгийн алдартай театруудад тавигддаг, маш олон үзэгчтэй балет юм.

Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид нарын хайр сэтгэлийн тухай өгүүлэх энэхүү бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байжээ. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.  

“Хунт нуур” бүжгэн жүжгийн тасалбар нь суудлын зэрэглэлээс хамаарч 10, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Холбоотой мэдээ