“Аймгийн аварга тариаланч” шагналаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-04 00:42:55
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн иргэн Р.Мужил “2018 оны аймгийн аварга тариаланч” цолоор шагнуулж, XVII жарны урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярын хурлын үеэр шагналаа  гардан авлаа. 

Ахмад настан Р.Мужил орос хэлний багш мэргэжилтэй. 1967 оноос 38 жил мэргэжлээрээ багшилж, тэтгэвэртээ гараад төмс, хүнсний ногоо, мод бут тариалах, аюулгүй хүнс бэлтгэх чиглэлээр мэргэшиж, 20 гаруй төрлийн хүнсний ногоо тариалж, залуучуудад сургалт хийж, өөрийнхөө ном товхимлыг гаргаж яваа хүн юм.

“2002 оны хавар Дундговь аймгийн төвд ногоо тарих сонирхолтой хүмүүс цугларахыг хүссэн зарлал гарч, цөөн тооны хүн ирж, анхны хичээлээ сонссон сон. Тэдгээрийн дунд өвгөн багш миний бие оролцож, анхныхаа ногооны багштай уулзан танилцаж, бусдын адил ногооны талбайд дадлага хийж, газрын хөрс, ургамал ногоо, янз бүрийн үр, үрсэлгээтэй шинжлэх ухаанчаар харьцаж эхэлсэн юм. Түүнээс хойш тав, зургаан жил дараалан сургалт бүрт нь ирж, суралцсан даа” хэмээн  ногоочин болоход нь чиглүүлсэн багшийнхаа тухай ийнхүү дурссан байдаг.

Түүний ногооны багш бол Монгол Улсын анхны агрономич, эрдэмтэн, ХААИС-ийн профессор Чулууны Дамба багш юм. Р.Мужил 8 жил хүнсний ногоо тариалах төрөл бүрийн сургалтад сууж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах мэргэшил эзэмшин 2010 оноос залуучууд, хүнсний ногоо шинээр тариалах сонирхолтой иргэдэд сургалт, зөвлөгөө өгч, Дамба багшийнхаа мэргэжлийг бусдад өвлүүлэн эзэмшүүлж, говь нутагт газар тариаланг хөгжүүлэхэд ихээхэн  хувь нэмрээ оруулж байгаа ахмад буурал ажээ.

Холбоотой мэдээ