Мөрөн сумын анхны Улсын аварга малчин Б.Сэнгээ шагналаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-01-22 15:25:06

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р  багийн малчин Батсүхийн  Сэнгээ нь мал аж ахуйн салбарт сүүлийн 23 жил тасралтгүй малчнаар ажиллаж байгаа бөгөөд тус сумаас тодорч байгаа анхны Улсын аварга малчин юм. Түүний шагналыг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Мөрөн сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа, Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх нар малчны хотонд ирж гардуулан өглөө.

Б.Сэнгээ нь 2017 онд аймгийн аварга малчнаар шалгаран шагнуулж байсан. Мал аж ахуйн салбарт ажиллахдаа нутгийн иргэдийг ажлын байраар хангах цөөн малтай өрхийг малжуулахад ихээхэн анхаарч сүүлийн 3 жилд 66 толгой малыг олгосноос гадна 7-10 хүнийг түр ажлын байраар хангаж, 1 хүнийг байнгын ажлын байраар хангаж иржээ. Мөн мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах ажлыг эрчимтэй зохион байгуулж Дархадын цагаан адуу, Ууцан сүүлт хонь, Эрчимийн хар ямаа, Хоргорогын монгол үхэр зэргийг өсгөн үржүүлж ашиг шимийн үзүүлэлтийг сайжруулан зах зээлд нийлүүлж байгаа хөдөлмөрч хүн юм. Мөрөн сумын малчид мал сүргээ таван төрөл дээр өсгөн үржүүлж 286.624 толгой мал тоолуулж өмнөх оноосоо 49298 толгойгоор өсгөжээ.  

Монгол Улсын хошой аварга малчин Ц.Ганболд цөм сүрэг бүрдүүлжээ

Хөвсгөл аймгаас сар шинийн босгон дээр Монгол Улсын хошой аварга малчин болсон Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Цогбадрах овогтой Ганболдод УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн болон орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. 


Ц.Ганболд  сүүлийн 19 жил тасралтгүй мал маллаж малынхаа үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, хээлтэгч хээлтүүлэгчийн тохироог хэвийн хэмжээнд байлгахад онцгойлон анхаарч ажилладаг  удам дагасан тэргүүний малчдын нэг юм. Тэрбээр өөрийн уйгагүй хөдөлмөр зүтгэлээр мал сүргээ төлөөр нь тогтвортой өсгөн1280-1218 толгой мал тоолуулсан, мал аж ахуйн мэргэжилтэнүүдээс зөвлөгөө авч хамтран ажиллан цөм сүрэг бүрдүүлж өөрийн хөрш зэргэлдээ сумдад чанартай сайн хээлтүүлэгч бэлтгэн нийлүүлж байна. Мөн сүргийн зохистой бүтэц бүрдүүлж мал сүргийнхээ таваарлаг чанарт онцгойлон анхаарч ажиллахаас гадна 2009онд “Улсын сайн малчин”-аар шалгаран шагнагдаж байжээ. Монгол Улсын хошой аварга малчин Ц.Ганболд нь нутгийн залуу малчдад заавар зөвлөгөө өгөн залгамж халааг бэлтгэхэд анхаарч байгаа ба  сүүлийн 3 жилд нутгийн малгүй буюу цөөн малтай өрхийг малжуулахад зориулан 370 толгой малыг олгожээ. Нутгийн ашиглалтгүй бэлчээрийг ашиглах бэлчээр нутгаа хуваарилан ашиглах зэргээр нутгийн малчдаа хошуучлан ажиллаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ